СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг эзэнгүй байшингийн зоориноос хүчирхийлүүлсэн байдалтай олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг эзэнгүй байшингийн зоориноос хүчирхийлүүлсэн байдалтай олжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрөгч есдүгээр сарын 27 /2022.09.27/-ны өдрийн 11:00 цагийн орчимд "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг хийхэд тус "эмэгтэй нь гадны нөлөөтэй нас барсан" болох нь тогтоогджээ.

Улмаар амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоожээ.

Ингээд НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж эхлээд байгаа ажээ. 

Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах, мөн шөнө, оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа явахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.