Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг түүнээс хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв.
Улмаар ДБНХ-ны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцэж түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээхээр болсон юм. Тэгвэл П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх сэргэж буй талаар Алдар спортын хорооноос мэдэгдлээ. Тэрбээр “Тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхлэнэ ээ” гэжээ.