Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын группт бага насны хүүхдээ өргүүлнэ гэх зар тавигджээ. Уг зарын доор иргэд авъя, өргөж авна гэх мэт сэтгэгдэл бичиж, дугаараа үлдээсэн байсан нь олны анхаарлыг татаад байгаа аж.
Тухайн зар тавьсан эмэгтэй хүүхдийн ээж бөгөөд "Аав нь өөр эмэгтэй хүнтэй суугаад хаяад явсан. Тэжээж дийлэхгүй байгаа тул ийнхүү өргүүлмээр байна" хэмээн цахим хуудаснаа бичсэн байв. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байна" гэсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл тус зар байршуулсан эмэгтэйг хүүхдийн хамт олж тогтоон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа аж.