Хууль зүй, дотоод хэргийг сайд Х.Нямбаатар "Суруга монгол"-ын хохирогчийг Японоос авчрахаар хууль хяналтынхан хөөцөлдөж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчийн авсан газрыг прокурорын байгууллагад байсан, ТЕГ-ыг удирдаж байсан болон ЕТГ, УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс хувааж авсан” гэдгийг онцолсон нь эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна.
Х.Нямбаатар: "Жапан таун"-ы газрыг улстөрчид, хууль хяналтынхан дээрэмдсэн. Хохирогчийг нь авчрах гээд хууль хяналтынхан хөөцөлдөж байна. "Суруга" гээд Японы том компанийн эзэн 70 гаруй настай хүн бий pic.twitter.com/BIxYsZQUz8
— Analiz.mn (@Ana1iz_mn) September 12, 2022
Тэгвэл Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн улстөрчид болоод хууль хяналтынханд газраа алдсан гэх “Суруга Монгол” ХХК-ийн газрыг хэн, хэн хувааж авсан, тус газарт хэн гэж эрхмийн ямар компанийн барилга сүндэрлэв гэдгийг сурвалжиллаа.
ВИДЕО:
-СУРУГА МОНГОЛ ХХК-ИЙН ИХЭНХ ГАЗРЫГ АВСАН "МОНГОЛ КОРПОРЭЙШН" КОМПАНИЙГ А.ГАНСҮХИЙН ДҮҮ А.ГАНБОЛДЫН КОМПАНИ ЭЗЭМШДЭГ БАЙНА-
“Суруга монгол” ХХК 2003 онд нийслэлийн Хан-Уул дүүрэгт 88 га газарт хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан байна. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх газрыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн дүү Б.Ганболд, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл нарын хүмүүс “Суруга монгол” компаниас “булааж” авсан байна. Эдгээрээс “Монгол корпорэйшн” гэх компани тус газрын дийлэнхийг буюу 60 га газрыг авсан гэх мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Тэгвэл “Суруга монгол” компанийн хөрөнгө оруулалт хийж авсан газар хэрхэн тус компанид шилжив гэдгийг сонирхлоо.
“Суруга монгол” ХХК 2003 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академиас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 88 га газарт хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан байдаг. Улмаар тус газарт одоогийн “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу хуучнаар “Жапан таун” хотхоныг барьж ашиглалтад оруулжээ. Гэвч 2012 онд тус компанийн барилга барих эрхийг цуцалсан аж. Тухайн үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар “Суруга монгол” ХХК нь барилгын эрхээ сэргээлгэхийн тулд А.Гансүх сайдын хамаарал бүхий буюу түүний төрсөн дүү А.Ганболдын эзэмшлийн “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газраа өгсөн гэдэг.
“Монгол корпорэйшн” ХХК-ийг А.Гансүх төрсөн дүү А.Ганболдын “Эм Жэй Ти” ХХК, Бүгд Найрамдах Сингапур Улсын Прайвет Проперти Азиа Пти компани хамтран эзэмшдэг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улмаар 2017 онд “Суруга монгол” ХХК-ийн 23 га газрыг өөрийн болгосон байгаа юм. Харин “Монгол корпорэйшн” компани дээрх газраасаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группт өгснөөр “Хүннү-2222” хороолол сүндэрлэсэн байна. Харин үлдсэн газартаа өөрөө барилга барьж эхэлсэн байдаг.
-"МОНГОЛ КОРПОРЭЙШН" КОМПАНИЙН СУРУГА МОНГОЛ ХХК-ИАС АВСАН ГАЗАР ДЭЭРЭЭ ЭХЛҮҮЛСЭН БАРИЛГА ДЭЭР КРАН УНАЖ ХОЁР ХҮН АМИА АЛДАВ-
Тодруулбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2015/535 дугаар архитекторын төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн ерөнхий Төлөвлөгөөний газрын 2015 оны 278/2015 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг үндэслэн тухайн газар дээр барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч энэ нь “Жапан таун” хотхоны хотхон оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, шүүхийн хаалга хүртэл татаад амжжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж аваагүй ч “Монгол корпорэйшн” ХХК-ийн барилга тэгсхийгээд зогссон байдаг. Харин өнгөрсөн хавар барилгын ажил эхэлсэн ч харамсалтай нь энэ оны зургадугаар сард /2022.06.22/ тус барилга дээр ажиллаж байсан хоёр хүн кранд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үед барилгыг “Номин”-ын захиалгаар барьж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл А.Гансүхийн хамааралтай “Монгол корпорэйшн” ХХК-ийн барилга хэзээ “Номин”-д очив гэдгийг сонирхлоо.
“Суруга монгол” компаниас эхлэлтэй тус газар 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Номин реалтор” ХХК-д шилжсэн байх аж. Тус компани нь 5-8 давхар орон сууц барихаар ийн ажлаа эхлүүлээд байжээ. Үүнээс үзэхэд “Монгол корпорэйшн” ХХК нь “Суруга монгол” ХХК-иас авлигад авсан байж болзошгүй гэгдэж буй газраа “Номин реалтор” ХХК-д шилжүүлсэн бололтой. Ямартай ч эдгээрээс үзэхэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлээд байсан “Суруга монгол”-ын хохирогч гэгдэж буй Япон улсын иргэний газрын дийлэнх нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хамаарал бүхий компанийн нэр дээр шилжээд байжээ.