Өнгөрсөн гуравдугаар сард /2022.03.21/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр РЦНК буюу (Оросын Шинжлэх Ухаан Соёлын төв)-ийн урд талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгч байсан.
Тэгвэл тус шийдвэрийн эсрэг ногоон байгууламжийг сүйтгэж байгааг ойр хавийн оршин суугчид эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл, “Энэ газар бол стратегийн маш өндөр ач холбогдолтой газар. Яагаад гэвэл Сэлбэ голын эрэг дээр байдаг. Урьд нь энэ газар цэцэрлэгт хүрээлэн байсан. Энэ газарт хавар барилга барих гэж байхад нь тэмцэл хийж, зогсоож байсан. Үүний ачаар Д.Сумъяабазар тэр чигт нь ногоон байгууламж болгох шийдвэр гаргаж амлалт өгч байсан ч долдугаар сард барилга барих зөвшөөрөл мөн олгосон юм байна. Энд байсан олон арван бут бургас, цэцэг навчийг шороогоор булууд хаячихлаа. Тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа.
Тэрнийхээ оронд энд байгаа моддыг сүйтгээд хаясан нь эмгэнэлтэй. Хотын төвийнхөө энэхүү талбайг ногоон байгууламж болгоно гэсэн шийдвэрээ Засаг дарга маань биелүүлээсэй гэж хүсэж байна. Энэ наймдугаар сарын 10-наас хойш шөнийн цагаар ногоон байгууламжийг сүйтгэж буй ноцтой үйлдэл гарч байна. Иймд бид төрийн холбогдох бүх албанд өчигдөр гомдол гаргасан. Ялангуяа ойрын үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаа ч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Оршин суугчид барилга бариулахыг эсэргүүцэн өдөр шөнөгүй жижүүрлэн хонож байна” гэлээ.