Хуурамч санхүүгийн баримт ашиглан татвар төлөхөөс зайлсхийжээ

Хуурамч санхүүгийн баримт ашиглан татвар төлөхөөс зайлсхийжээ

Нийслэлийн прокурорын газраас хуурамч санхүүгийн баримт ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нэр бүхий компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болох Г, Э нарын 4 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн талаар тодруулбал, дээрх иргэд нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох 500 гаруй сая төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг 10 орчим компанийн нэр дээр зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бусдаас худалдан авч, улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахдаа ашиглан харьяа Татварын хэлтэст тайлагнаж, нийт 57 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байна.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн иргэн, албан тушаалтныг дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө