Энэ сарын 1-7 /2022.09.01-07/-ны өдөр “Восток-2022” цэргийн сургуулилтыг ОХУ-аас зохион байгуулсан. Уг сургуулилтад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн болон ажиглагч орнууд болох Энэтхэг, Алжир, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол Сири, Тажикстаны цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Тэгвэл тус сургуулилтад оролцсон албаныхан болон цэргүүд эх орондоо ирээд ажлаа хийж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Восток-2022" цэргийн сургуулилтад манай улсаас нийт хэдэн цэрэг оролцсон нь нууцын түвшинд байгаа ч олон улсын нөхцөл байдлыг харгалзан үзээд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад оролцооны түвшинг бууруулсан аж.
Өөрөөр хэлбэл, цэргийн тоог бууруулж маш цөөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Учир нь манай улс тус сургуулилтад сүүлийн жилүүдэд тогтмол оролцож ирсэн тул харилцааг шууд таслах бус хадгалах бодлого баримталжээ.
Энэ жилийн хувьд тус сургуулилтыг Курилын арлуудын ойролцоо Японы эсрэг хийсэн бөгөөд уг үйл ажиллагаанд оролцсон зарим орныг шүүмжилж байв. Тухайлбал, Монголыг найрсаг харилцаатай Японы эсрэг Оростой нэгдэж цэргийн ажиллагаа явууллаа хэмээн олон нийтийн зүгээс ихэд эсэргүүцсэн юм.