ГХЯ: Уулчин Б нь 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хүнсний нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн

2022-09-09 15:33

ГХЯ: Уулчин Б нь 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хүнсний нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа талаарх мэдээлэл Монгол Улсаас Киргизстанд суугаа ЭСЯ-аар дамжуулан ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Монгол Улсын уулчин Х.Бумхишигийг аврах ажиллагаанд Гадаад харилцааны яам хэрхэн оролцож, эл асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгааг тус яамны албаны эх сурвалжаас тодуулахад "Монгол Улсын иргэн Б 2022 оны есдүгээр сарын 6-ны өдөр Бүгд найрамдах Киргизстан улсын Ош мужийн нутаг дэвсгэр Памира уулын Лениний оргилд гарах гэж яваад хоёр хөлөө гэмтээсний улмаас 5800 метрийн өндөрт гацсан тухай мэдээллийг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргизстан улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан хүлээн авсан даруйд ар гэрийг нь тогтоон, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. Бүгд найрамдах Киргизстан улсад суугаа манай ЭСЯ-наас Киргиз Улсын ГХЯ, Онцгой байдлын яам, Онцгой байдлын удирдлагын төвтэй шуурхай хамтран ажиллахын зэрэгцээ иргэн Б-тэй тогтмол холбогдож байна.

Иргэний сэтгэл зүй, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хоол ундны нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн.

Цаг агаарын хувьд шөнөдөө -9, өдөртөө 10 градусын хооронд тогтуун байдалтай байна. Иргэнийг авчрахаар Монголоос явсан 2 уулчин киргизийн 4 уулчны хамт өнөөдөр өглөө /2022.09.09/ авиралтаа эхлүүлж, урьдчилсан тооцоогоор маргааш өглөө гэмтсэн уулчны байгаа газарт очих, 2-3 хоногийн дараа бууж ирэх юм. Эдгээр уулчид 3000 метрээс доош бууж ирсэн даруйд Ош хотын онцгой байдлын албан хаагчид тосон авахаар бэлтгэж байгаа" гэлээ. 

2022-09-09 10:23

Аврагчид маргааш гэхэд уулчин дээрээ очихоор төлөвлөжээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа билээ. 

Харин түүнийг аврахаар Монолоос өчигдөр /2022.09.08/ уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нар Памирын нурууг зорьсон.

Тэгвэл тэд Бишкек хотод газардсан бөгөөд Оше хотод бэлтгэл ажлаа хийж, ажиллагаанд оролцох хоёр хүн олжээ. Аврах багт Киргизстан улсын уулчин н.Илья нарын уулчинд оролцохоор болсон байна. Ташрамд өгүүлэхэд Коржиневский оргилд явсан уулчид аврах тусламжийн дохио илгээсэн учир Киргизээс уулчдын баг бүрдүүлж эхэлсэн учир уулчдын хүрэлцээ муу байгаа аж. Ямартай ч аврах баг маргааш гэхэд уулчин дээрээ очих төлөвлөгөөтэй явж байгаа юм байна.

Монголын уулчдын үндэсний холбооноос “уулчнаа аваръя” хандивын аяныг зохион байгуулж эхэлж, ХААН банкны 5077279930 дансанд (Ганхүү) хандив цуглуулж байгаа юм.  




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө