БАРИМТ: Орос-Монголын III сургуулийн дүрмийн дагуу Ж.Соронзонг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ Л.Энх-Амгалан сайдад байна

БАРИМТ: Орос-Монголын III сургуулийн дүрмийн дагуу Ж.Соронзонг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ Л.Энх-Амгалан сайдад байна

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 07 /2022.09.07/-ны өдөр гаргасан билээ.

Улмаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ж.Соронзон захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Орос-Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилладаг. Энэ тушаалыг Ж.Батбаясгалан даргад гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгсөн" болохыг мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлыг чөлөөлөх эрх Монголын талд буюу Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд байгаа аж. 

Тодруулбал, Шинжлэх ухаан, боловсролын сайд С.Төмөр-Очир, Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын асуудал эрхэлсэн сайд С.Д.Намсараевтай Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийг 1995 оны арваннэгдүгээр сарын нэгний өдөр баталсан байна. Уг дүрмийн 1.2-т зааснаар ОХУ-ын Боловсролын яамны 1994 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 178 тоот тушаалын дагуу Буриад Улсын БШУ-ны яам Оросын талаас тус сургуулийн үүсгэн байгуулагчийг төлөөлөхөөр томилогдсон байх аж.

Мөн тус дүрмийн:

  • 6.2. Орос-Монголын хамтарсан  сургуулийн  ерөнхий   удирдлагыг  Монгол  Улсын  Боловсрол  шинжлэх  ухааны  яам  явуулна.
  • 6.3. Орос-Монголын хамтарсан сургуулийг Монгол Улсын Боловсрол  шинжлэх  ухааны  яамнаас  томилогдсон  захирал  удирдана.
  • 7.1. Орос-Монголын хамтарсан сургуулийн  хэвийн  үйл  ажиллагааг  хангах  хариуцлагыг  Монгол  Улсын  Боловсролын  шинжлэх  ухааны  яамны  өмнө  захирал хүлээнэ гэж заажээ.

С.Төмөр-Очир, С.Д.Намсараевтай Орос-Монголын хамтарсан III сургуулийн дүрмийг 1995 он байгуулжээ

Нэг үгээр хэлбэл, Орос-Монголын хамтарсан III сургуулийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрх нь Монголын талд байна гэсэн үг. Үүнийг Бүгд Найрамдах Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны яам энэ оны долдугаар сарын 13-ны өдөр “баталсан” байгаа юм.

Тодруулбал, Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн үйлдлээр Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовт гомдол гаргасан эх сурвалжийн хариуд: Сайдын Ерөнхий болон нэмэлт боловсролын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б.Цыренжапова “Орос-Монголын хамтарсан сургууль нь яаманд харьяалагдах боловсролын байгууллага биш бөгөөд яамны тусгай зөвшөөрөлтэй газруудын бүртгэлд байхгүй. Яам нь тус сургуулийн захирлын ажил олгогч бус болно. Үүнтэй холбогдуулан яам хатагтай Ж.Соронзонд аливаа арга хэмжээ авах, аливаа үйлдэл хийхийг тулгах боломжгүй юм. Үүний зэрэгцээ танай мэдээллийг хүлээн авч, шаардлагатай бол цаашдын ажилдаа ашиглах болно” гэх албан бичиг илгээсэн байна.

ОХУ-ын Бүгд найрамдах буриад улсын тэргүүнээс ирсэн бичиг

Эдгээрээс үзэхэд, Орос-Монголын хамтарсан сургуулийг Оросын талаас ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс төлөөлдөг байх нь. Мөн тус улс нь Орос-Монголын хамтарсан сургуулийн үйл ажиллагаа зэрэгт оролцохоос бус удирдлагын асуудалд нь оролцдоггүй болж байна.

Нөгөөтээгүүр, Ж.Соронзон захирлыг 1995, 2010 онд ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр тухайн үеийн Боловсролын сайд нар ажлаас нь чөлөөлж байсан байдаг. Ингэхдээ дээрх дүрмийн дагуу ОХУ-ын талаас асууж, зөвшөөрөл авч байгаагүй аж.

Гэтэл өдгөө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан нар нь "Орос-Монголын хамтарсан сургуулийг удирдлагыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Одоо үүнийг нь тус сургуулийн удирдах зөвлөл хэлэлцэж, Оросын тал эцсийн шийдвэрийг гаргана" гэх утгагүй зүйл яриад сууж байх. Тэд үнэхээр 1995 оны дээрх дүрмийг олж уншаагүй юу, эсвэл Ж.Соронзон захирлын “С.Будрагчаа сэтгүүлчийн хэлснээр ажлаа өгөхгүй. Миний ажлаас чөлөөлөх эсэхийг ОХУ мэднэ” гэх үгэнд итгэж, дээрх мэдээллийг хийсэн үү. Ямартай ч олны анхаарлыг татаад буй Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагыг чөлөөлөх эрх нь Монголын талд байх нь ээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө