У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилттай оролцсон 58 сурагчид 3-10 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо

У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилттай оролцсон 58 сурагчид 3-10 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны олон улсын олимпиадад амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт шагнал гардуулав.

Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлжээ.

Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг найман сая, хүрэл медальтныг таван сая, тусгай байрын эзнийг гурван сая төгрөгөөр шагнасан байна. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж буй юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгалаа.