Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр улс орнуудтай хийж буй цэргийн сургуулилтын асуудалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Манай улс 40-өөд оронтой батлан хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг. Нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүр дэлхий нийт, улс орнуудад зарлах бус тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой асуудал. Харин яг 10-аад оронтой цэргийн сургуулилт хийдэг. АНУ, ХБНГУ, Турк, Япон, ОХУ зэрэг орнуудтай цэргийн сургуулилт хийж байна. Хамгийн гол нь батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх болон мөн улс төр, геополитикийн хувьд чадамжаа нэмэгдүүлэх зэрэг зорилготой ажил.
2022 онд АНУ-тай долоон удаагийн хамтарсан сургуулилтыг зохион байгуулсан.
ОХУ-тай хоёр удаагийн хамтарсан хээрийн сургуулилалт явуулсан. Мөн гадаад оронд болж буй энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн сургуулиудад Монгол Улс оролцож байна. Үүний гол шалтгаан нь гадаад харилцаагаа бэхжүүлэх, нөгөө талаар улс төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангадаг хуультай. Энэ хүрээнд үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хадгалахын тулд оролцдог.
“Восток” сургуулийн хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдөр ОХУ-ын Владивостокийн ойролцоо Сергейвский сургалтын төвд Монголын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй. Курилын арал болон маргаантай байгаа арлуудад манай алба хаагчдыг сургуулилтад оролцож буй мэтээр мушигиж гуйвуулсан мэдээлэл бий. Ийм зүйл огт байхгүй. Өмнө нь наймдугаар сарын 3-9-ны хооронд болсон Сэлэнгэ дэхь сургуулилттай холбоотой асуудлыг өнөөдрийг хүртэл ярьсаар байна. Наймдугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын бүх цэргийн алба хаагчид, техник хэрэгслийн хамтаар буцсан. Тиймээс иймэрхүү цэргийн хамтын ажиллагааны тал дээр болчимгүй дүгнэлт хийхийг нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад анхааруулж байна.