БНСУ-аар дамжин нисэх монголчуудаас виз шаарддаг болсон мөн Япон улс Монгол улсад хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, зээл тусламжаа зогсоосон гэх мэдээлэл тархсан. Үүнийг худал мэдээлэл гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Тэрбээр "Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэх, үйл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.
Ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж бйна. Жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны сайд албан ёсны Монголд айлчлал хийсэн. Айлчлалаар ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгож хамтын ажиллагааг ахиулсан.
Бүх нислэг БНСУ-аар транзит явж байгаа учир худал ташаа мэдээлэл тараах нь ихээхэн хортой.
Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Энэ нь Солонгосоор дамжин нисэж буй олон хүнд хохирол учруулж болохуйц мэдээлэл. Зориудаар тарааж буй мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байгаа" гэв.