Завхан аймагт АНУ-ын мэргэжлийн багш нар сурагчдад англи хэл заахаар болжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2021 онд “English Languge Institute” байгууллагад Завхан аймгийн багш, сурагчдад гадаад багшаар хичээл заалгах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн 4 дүгээр сард тус институцын захирал Грег Майкл багш нарынхаа хамт аймагт ирж судалгаа хийж ажилласан байна. Ингээд энэ шинэ хичээлийн жилээр “ELI”-ийн залуу 3 багшийг Завхан нутагт минь ажиллуулах асуудлыг богино хугацаанд шийдсэн аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудаснаа, “Багш нар маань Улиастай сумын ЕБС-иудын сурагчдад англи хэлний хичээл заахаас гадна аймгийн англи хэлний багш нарын ур чадварыг, заах аргыг дээшлүүлэхэд туслах юм. Мөн цагийн боломж гарвал төрийн албан хаагчдад сургалт явуулна. ТА БҮХЭН МИНЬ ХИЧЭЭГЭЭРЭЙ! Завхан аймгийнхаа багш нарын англи хэлний чадварыг сайжруулах хүрээнд өмнө нь Австралийн сайн дурын байгууллагатай хамтран Завхан Их сургуулийн багш нар болон 24 сумын сургуулийн англи хэлний багш нарыг чадваржуулах сургалтыг үнэ төлбөргүй явуулж байсан. Урилгыг маань хүлээн авч Завхан сайхан нутагт маань ажиллах гэж байгаа Лиза Ренэ, Кристофер Виллиам, Дэбора Рут багш нартаа ELI-ийн захирал, хамт олонд Завхан аймгийн багш, сурагч, эцэг эхчүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.