Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд хандаж Ардын засагтай эн чацуу улсын анхны сургуулиудын нэг болох Гурав дугаар сургуулийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна хэмээгээд УИХ Боловсролын багц хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд гурван санаачилга дэвшүүлж, та бүхнээр хэлэлцүүлэн саналыг нь авахаар өнөөдрийн нээлтэд оролцож байгаагаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр "Нэгдүгээрт цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна. Хоёрдугаарт, бид Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-аас ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийг түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа.
Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүх үйл ажиллаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно. Төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно гэсэн үг юм. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна" гэлээ.
Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн байртай танилцаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчидтай уулзлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа боловсролын багц хуулиуд болон цаашид ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгахаар хэлэлцэж байгаа зарим хичээлүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Улсын ууган нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд энэ хичээлийн жилд 2900 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил шинээр нэгдүгээр ангийн таван бүлэгт 240 хүүхэд элсэн орсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.