УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан гэдгийг дурдлаа.
Энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
Г.Тэмүүлэн нь 2003 онд АНУ-д олон улсын харилцааны бакалавр, 2005 онд АНУ-д олон улсын удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа гэв.
Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.