Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасан гэдгийг хуралдааны эхэнд дурдав.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Т.Энхтүвшин нь 1990 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургууль, 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1999 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
1992-1996 онд “Эм импекс” компанид нягтлан бодогч, 1997-2001 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 2001-2003 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2003-2004 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, 2004-2007 онд Дорноговь аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга, 2007-2011 онд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, 2014-2015 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Түүний ажлын туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байгааг танилцуулав.
Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувь дэмжлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.