Шинэ сайдууд өнөөдөр УИХ-ын чуулганд ТАНГАРАГ өргөнө

Шинэ сайдууд өнөөдөр УИХ-ын чуулганд ТАНГАРАГ өргөнө

УИХ-ын чуулганы өчигдөр /2022.08.29/-ийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээн  Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Улмаар Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн 2 сайдтай болохоор шийджээ. Ингээд боомтын болон нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилж буй аж.

Харин өмнөх танхимаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХЗХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар хэвээр үлдэж байна. Мөн “дан дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн бус сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллана.

Улмаар өмнө нь ажиллаж байсан Н.Тавинбэх, Г.Ёндон, З.Мэндсайхан, А.Ариунзаяа, Ц.Нямдорж, Л.Халтар нарыг чөлөөлж буй юм.

Улмаар шинээр томилогдох сайд нар өнөөдөр /2022.08.30/ 11.40 цагт тангараг өргөнө гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар зарласнаар өнөөдрийн чуулган өндөрлөсөн юм.