ШУУРХАЙ: ЗГ-ын сайд нарын 50 хувьд өөрчлөлт оруулж, "Дан дээл"-тэй ДӨРӨВ, "Давхар дээл"-тэй ДӨРВӨН сайдыг авч үлдэхээр болжээ

ШУУРХАЙ: ЗГ-ын сайд нарын 50 хувьд өөрчлөлт оруулж, "Дан дээл"-тэй ДӨРӨВ, "Давхар дээл"-тэй ДӨРВӨН сайдыг авч үлдэхээр болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ өглөө эрт хуралдаж шинэ сайд нарыг дэмжих эсэхээр шийдвэр гаргахаар байсан ч хойшлогдоод байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 13.00 цагт товлогджээ. Иймд МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагаас өмнө хуралдаж  шийдвэрээ гаргах нь тодорхой байна. 

-ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ 50 ХУВЬД Л ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнд АН-ын гишүүдээс томилох гэж байгааг МАН-ын бүлгийн нэлээдгүй гишүүн эсэргүүцэж өнгөрсөн амралтын өдөр хэд, хэдэн уулзалтыг зохион байгуулжээ. Тэгэхээр Засгийн газарт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нараас орж ажиллах эсэх нь одоогоор тодорхой болоогүй гэсэн үг.

Харин юу тодорхой болсон бэ гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүний 50 хувь нь солигдох аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “дан дээл”-тэй дөрөв, “давхар дээл”-тэй дөрвөн сайд албан тушаалдаа үлдэх нь нэгэнт тодорхой болсон байна.

"Дан дээл"-тэй сайд нараас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үлдэх нь тодорхой болсон байна. Харин Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын гурав нь үлдэх аж.  Харин "давхар дээл"-тэй С.Амарсайхан, Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан гэсэн дөрвөн сайд Засгийн газартаа үлдэхээр болжээ. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ хоёр хувилбараар зурсан гэх мэдээлэл байгаа юм.