Өнөөдөр /2022.08.29/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ танхимынхаа бүтцийг МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/-дөө танилцуулна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ кабинетаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэгч “Үндэсний эв, эе”-ийг хангасан байдлаар бүрдүүлж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй.
Энэ нь зарим талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг Засгийн газрын сайдаар томилох талаар ярилцаж байгаатай холбоотой ба харин тус саналаа намын бүлэгт нь “албан ёсоор тавиагүй байгаа” гэж буй.
Учир нь хамтарсан Засгийн газрын бүтцийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн тохиолдолд “албан ёсоор саналаа тавьж”, тус саналаас нь АН-ын гишүүд ч татгалзахгүй аж.
Тэгвэл зарим албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, “хамтарсан Засгийн газрын бүтцийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь дэмжихгүй" гэдгээ өнгөрөгч амралтын өдрүүдэд намынхаа удирдлагууд илэрхийлсэн байна. Иймд АН-ын гишүүтэй хамтарч Засгийн газрын танхимаа бүрдүүлэх санал дэмжлэг авахгүй, унаж магадгүй болжээ. Харин УИХ дахь АН-ын гишүүдэд Засгийн газарт хамтраач гэсэн "албан ёсны санал" МАН-аас ирэх хүртэл хэвлэлд нэг байр суурь илэрхийлэхгүй байхаар тэд дотроо тохирсон гэх мэдээлэл байгаа юм.