Энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын /2022.08.17/ хуралдаанаар Ерөнхий сайд /ЕС/-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл Б.Дүгэржав энэ талаар байр, сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр "Миний хувьд огцрох хэмжээний алдаа дутагдал гаргаагүй. МАН-д улирч дарга хийсэн байна. Амьдрал, эрүүл мэндийн шалтгаанаар төв рүү орж ажиллах хүсэлтийг гаргасан байсан. Энэ хүсэлтийн дагуу шийдвэр гарсан гэж ойлгож байна. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилж, чөлөөлөх эрхтэй. Тиймээс Ерөнхий сайдын шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй.
Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцы асуудлыг би гацаагаагүй. Үндэсний аюулгүй байдлын амин чухал асуудлыг эсэргүүцэх эрхгүй. 41 төлөөлөгчийн баталж өгсөн Засаг даргын мөрийн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах тухай бий. Ийм учраас уг усан цахилгаан станцыг барих асуудлаар ажиллаж байсан гэдгийг ховдчууд мэднэ. Газар нутгийг бүрэн шийдвэрлэсэн. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. Усны халиа, 75 айлын нөхөн олговрыг шийдвэрлэх ёстой. Байгаль орчны үнэлгээний асуудал яригдах ёстой. Миний хувьд аймгийн Засаг даргад Э.Болормааг дэмжиж байгаа" гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: Ховд.мн