Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх Даваа гараг /2022.08.26/-т Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ МАН-ын удирдах зөвлөлд танилцуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрээр, Засгийн газрын шинэ кабинетаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх “Үндэсний эв, эеийг хангасан бүтэц” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Даваа гарагт МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/-дөө оруулж, дэмжигдсэн тохиолдолд Мягмар гараг /2022.08.27/-т УИХ-ын чуулганд танилцуулна гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.
-“ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТРААЧ” ГЭСЭН АЛБАН ЁСНЫ САНАЛ АН-ЫН БҮЛЭГТ ИРЭЭГҮЙ БАЙНА-
Тэгвэл Засгийн газрын шинэ кабинетыг "Үндэсний эв, эе" гэсэн нь УИХ дахь АН-ын бүлгийг “дөрвөн гишүүн”-ээ Засгийн газарт ажиллуулаач гэсэн саналыг албан бусаар тавиад байгаатай холбоотой аж.
Иймд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дотроо ярилцаад, “МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/ нь дэмжиж, засагт хамтраач гэсэн “албан ёсны санал” ирсэн тохиолдолд “УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Н.Ганибал нарыг Тэргүүн шадар сайд зэрэг Засгийн газрын дөрвөн гишүүнээр томилуулъя. Нөгөөтэй хамтарсан засгийн газар байгуулахыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжихгүй байх магадлалтай тул тус шийдвэр гарахыг хүлээж, “албан ёсны санал” ирсний дараа байр сууриа илэрхийлье” гэж тохирчээ.
Энэ удаа Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нийт гишүүдийнхээ 70-80 хувийг шинэчлэх бөгөөд тус шинэчлэлээр тусгайлан яамгүй, Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдыг томилохоос гадна, Шадар сайдын эрхэлдэг салбарыг хоёр хувааж, тэргүүн дэд Шадар сайдыг томилох нь тодорхой болоод байгаа юм. Харин тэргүүн шадад сайдын албан тушаалд АН засгийн газарт хамтарсан тохиолдолд С.Одонтуяагийн нэр яригдаж байгаа ажээ.