Сүүлийн дөрвөн сарын хугацаанд УДЭТ-ын тайзнаа танхим дүүрэн үзэгчтэй тоглогдсон “Тамгагүй төр” монгол драм өчигдөр /2022.08.25/ 117 дах удаагийн тоглолтоо үзэгч олондоо хүргэлээ.
Тус жүжгийн арын алба, жүжигчдийн бүрэлдэхүүн, хамт олны хүч хөдөлмөр болоод зохиолч, найруулагчийн ур чадварыг гайхан бишрэхийн аргагүй. Тэгвэл "Тамгагүй төр" жүжгийн Ерөнхий найруулагч Б.Баатартай бид ярилцсан юм. Тэрбээр тус хугацаанд жүжгийг дотоод, гадаадын нийт 68 мянга гаруй иргэд үзсэн бөгөөд Монголын ард түмэнд чанартай, сэтгэл шингээж уран бүтээл хүргэж чадвал үзэгчид ч хүндэтгэлтэй ханддаг гэдгийг мэдэрсэн талаараа ярив.
ВИДЕО:
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дөрвөн сарын хугацаанд маш олон үзэгчдийн бие махбод, сэтгэл зүрхэнд хүргэж чадсан жүжгийг толилуулж, өнөөдөр /2022.08.25/ хаалтаа хийж байна шүү дээ. Юуны түрүүнд сэтгэгдлээсээ хуваалцаач?
Тэгэлгүй яахав. Дөрвөн сарын хугацаанд нийт 117 удаа тоглогдож 68 мянга гаруй хүн үзсэн байна. Ирж үзсэн бүх үзэгчдэдээ маш их баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Сэтгэгдэл маш хангалуун байна даа.
-“Тамгагүй төр” жүжгийн зохиолчийг дурдахгүй байхын аргагүй. Сайн ч зохиол, сайн ч найруулга гэж үзэгчид дүгнэж байна. Яагаад заавал энэ жүжгийг сонгож найруулсан бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
Анх бол “Тамгагүй төр” жүжгийн зохиолч Б.Лхагвасүрэн ах бид хоёр энэ жүжгийг тавья гэсэн бодолтой байсан юм л даа. Тэр зүйл маань зарим нэгэн асуудлаас болоод хойшлогдсоор яваад өдийд тавигдах бололцоо хангагдсан гэж хэлж болно. Түүний хүү Л.Хасар маань мөн ярилцаад хамтраад редактораар ажилласны хүчинд жүжиг маань ийнхүү чанартай хүрч олон хүний хайрыг хүлээлээ гэж миний зүгээс дүгнэж байна.
-Жүжигчдийн хувьд мөн их өвөрмөц содон шийдэл болж чадсан. Жүжигчдийн чадварлаг бүрэлдэхүүний хувьд?
Жүжигчдийн дүр сонголтын хувьд мөрөөдлийн баг гэж ярьдаг шүү дээ. Яг л тийм зүйл. Үнэхээр чадварлаг гайхалтай жүжигчдийг хүмүүс үзэх сонирхолтой байдаг учраас энэ бүрэлдэхүүнээрээ 117 удаа пэг дүүрэн үзэгчтэй байлгаж чадсан гэж бодож байна. Энэ бол маш олон хүний хөдөлмөр. Өдөр бүр арын алба, тайз гээд 100-аад хүн энэхүү жүжиг дээр оролцож ажилладаг. Яг тайз нь дээр 70 хүн гардаг юм. Зүгээр л маш том бүрэлдэхүүнтэй жүжиг гэж хэлж болно.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой алба хаагчид болон Эмч, эмнэлгийн ажилтнуудад жүжгийг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг хүртэл зохион байгуулсан. Энэхүү ажлыг хийхэд нөлөөлсөн зүйл?
Өнгөрөгч онуудад цар тахал, хөл хорионы үеэр ард олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн алба хаагч, ажилчдыг мартахын аргагүй. Хэрвээ вакцинжуулалт сайн яваагүй бол хөл хорио сулраагүй байсан бол энэ төслийг хийх ямар ч боломжгүй байсан. Тийм учраас Онцгой байдлын алба хаагчид болон эмнэлгийн ажилчдад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх ёстой юм болов уу гэсэн үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд жүжгээ үзүүлсэн.
Үүнийг буруу зөрүү ойлгох асуудал гарсан. Ач санаж, зөв зүйл хийж л байвал юм өөрөө урагшилж байдаг шүү дээ. Хамгийн ашигтай бизнес гэж юу вэ гэж нэг хүнээс асуухад хамгийн хүмүүнлэг бизнес хамгийн ашигтай, амжилттай бизнес байдаг аа гэж хариулсан байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн зүйл өөрөө зөв зүйл дээр байх юм бол бүх зүйл зөв зам руугаа явах ийм л учиртай юм л даа.
-Эргээд харахад энэхүү жүжиг Монголын үзэгчдэд цаашид ч театрт жүжиг үзэх хүсэл эрмэлзлийг их төрүүлж байх шиг байна л даа. Энэ нь театрын урлагийн салбарт цоо шинэ зүйл бий болголоо. Таны хувьд энэ талаарх бодлоо хуваалцаач?
Монголчууд өөрсдөө их мэдрэмжтэй хүмүүс л дээ. Сайн уран бүтээл хийж өгөх юм бол Монголын ард түмэн үзэх бололцоотой юм байна, зах зээл байдаг юм байна гэдгийг илтгэлээ. Соёлын яамнаас хэрэгжүүлээд байгаа Соёлын бүтээлч үйлдвэрийг хийж болох юм байна гэсэн жишиг төсөл болсон болов уу гэж хувьдаа бодож байна. Жүжиг гэдэг зүйл ийм амжилттай явахад үзэгч түмэнгүйгээр ерөөсөө төсөөлөхийн аргагүй. 117 удаа пэг дүүрэн үзэгчтэй байлгаж чадсан Монголын үзэгчдэдээ маш их баярлалаа л гэж дахин дахин хэлмээр байна.
-Жүжиг цаашид хаа хүрнэ гэж харж байна?
Дэлхийн алдарт театрын чадварлаг хоёроос гурван продюсерууд жүжгийг үзэхээр Монголд ирсэн. Мөн Солонгосоос продюсерууд ирж үзэхэд бүгд “Энэ жүжиг үнэхээр сайн жүжиг, дэлхийн хэмжээнд тоглогдоход асуудалгүй юм байна” гэх зүйлийг л хэлж байсан. Уран бүтээлч хүний хувьд ийм үг, сэтгэгдэл сонсоно гэдэг бол үнэхээр баяртай сайхан үйл явдал.
-Жүжгээс урам авч цаашдын уран бүтээлийн тов гарсан болов уу?
Цаашдаа гаргах сайхан уран бүтээлүүдийн төсөл байна. Гол төсөл бол цаашдаа энэ драмын жүжгээ илүү сайн болгох тодорхой хэмжээнд сайжруулах ажлуудыг хийнэ. Бүгдийг базаад хэлэхэд миний бодлоор ард түмэндээ сайн уран бүтээлийг маш чанартайгаар тодорхой хэмжээгээр сэтгэл, хөрөнгө мөнгө шингээгээд хүндэтгэлтэй хүргэж чадвал манай үзэгчид эргээд хүндэтгэлтэй ханддаг юм байна гэж өөрийнхөө хувьд ч, хамт олны хувьд ч мэдэрлээ. Энэ бол хамгийн том зүйл. Цаашдаа манай уран бүтээлч нар маань сайхан уран бүтээлүүдээ хийхэд маш том зах зээл байгаа юм байна шүү гэдгийг нотолж харуулсан ийм төсөл боллоо.
-Ярилцсанд баярлалаа.