Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнгөрсөн долоо хоногт /2022.06.30/ танилцсан.
Тэрбээр энэ үеэр "Дарханы замыг барих тендерийг хэн сонгон шалгаруулсан юм. Тендер дээр алдаа гарсан байна гэж үзэхээс өөр алга. Шулуухан хэлэхэд Зам тээврийн яам хэдэн байхгүй, цаасан компаниудыг тендерт шалгаруулснаас болж, Дарханы замын ажил гацаж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг хийсэн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах шаардлагатай" гэдгийг хатуу сануулсан.
-ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООГ ТНБД С.БАТБОЛДЫН ТУШААЛААР БАЙГУУЛСАН БАЙНА-
Тэгвэл Дарханы замын тендерийн сонгон шалгаруулалтыг хэн хийв, тендерийн үнэлгээний хороог хэн ахалж, ямар ямар хүн гишүүнээр оролцов гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж, басхүү таамаг, хардлага нийгэмд төрүүлж байна. Тэгвэл бид энэ асуултын хариултыг хайв. Дарханы замын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ С.Батболдын 2019 оны хоёрдугаар сарын 15 /2019.02.15/-ны өдрийн 68 дугаар тушаалаар байгуулж байжээ. Тэрбээр тухайн үед ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрч байсан аж.
-БНХАУ-ЫН КОМПАНИАС ХАХУУЛЬ АВЧ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ ДАРХАНЫ ЗАМЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООГ АХАЛЖ БАЙЖЭЭ-
Харин сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ ахалж байсан байна.
Түүнийг 2019 оны арван хоёрдугаар сарын 30-ны орой Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52- ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лиу Хоннианаас 20 мянган юанийн хахууль авсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилсан байдаг.
Улмаар 2020 оны долдугаар сарын 21 /2022.07.21/-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 7000 нэгж буюу долоон сая, БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан юм. Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ уншина уу. Зам тээврийн сайд Л.Халтар “Дархан замын тендерт цаасан компани шалгаруулсан хүн нь ажлаасаа чөлөөлөгдсөн” гэдгийг Ерөнхий сайдад уламжилсан нь Х.Оргил-Эрдэнэ аж.
Цаашилбал, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд “Монголын авто замчдын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Уранчимэг нарын есөн хүн багтжээ. Эдгээр бүрэлдэхүүнд багтсан Зам тээврийн яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, “Монголын авто замчдын холбоо” ТББ-ын менежер зэрэг хүмүүсийн мэдээллийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
-ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО ХАМГИЙН БАГА ҮНИЙН ДҮН САНАЛ БОЛГОСОН ХЯТАД КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСНААС ДАРХАН ЗАМ ГАЦСАН-
Үнэлгээний хороо тухайн үед зам барилгын ажлын 5 багц тус бүрд ААН-үүдийн ирүүлсэн үнийн саналыг Азийн хөгжлийн банкны ХАА-ын журмын 2.59-д 11 заасныг үндэслэн үнэлж, “Хейлонжиан женэй роуд энд бридж” ХХК, “Чайна стэйт Шинжиан констракшн” ХХК, “Гүйжэу хайвэй инженеринг групп” ХХК, “Чайна стэйт Шинжиан констракшн” ХХК, “Чайна жео инженеринг” ХХК-ийг сонгон шалгаруулж байсан юм.
Харин үнэлгээний хороо 2 дугаар багцад оролцсон 14, 4 дүгээр багцад оролцсон 20 оролцогчоос хамгийн сайн үнэлгээтэйгээр “Чайна стэйт шинжиан констракшн” ХХК-ийг шалгаруулж тус компанитай 13.7 сая, 11.7 сая ам.доллароор тус 2 багц ажлын гэрээг байгуулсан боловч төслийн хэрэгжилтийн явцад гэрээ цуцлагдсан. Харин бусад оролцогчдоос 2 дугаар багцад ирүүлсэн хамгийн бага үнийн санал нь 15.4- 19.1 сая доллар, 4 дүгээр багцад 13.1-15.1 сая ам.доллар бол үнэлгээний хороо тендерт оролцогч компаниудын гэрээг хэрэгжүүлэх чадвар, нөөц боломжийг бодитой бус үнэлсэн нь гэрээ цуцлахад хүргэсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байдаг. Энэ нь ч өдгөө Дарханы зам гацах шалтгаан болсон учир сонгон шалгаруулалтыг хийсэн үнэлгээний хорооны гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгдсэн юм.