ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд маргааш айлчилна

ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд маргааш айлчилна

Аравдугаар сарын 16-нд буюу маргааш Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцана.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай улсыг зорьж буй нь энэ юм. Тэрбээр өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ.

Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.

“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байх болно. 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт хамт оролцох аж.




Өнөөдөр тахиа өдөр

8 минутын өмнө