Амь насыг бүрэлгээд Туулын бургасанд нуусан байжээ

Амь насыг бүрэлгээд Туулын бургасанд нуусан байжээ

-ХОХИРОГЧ ТОЛГОЙН АР ХЭСЭГТЭЭ ХҮЧТЭЙ ЦОХИУЛСНААС АМЬ НАСАА АЛДЖЭЭ-

Сүүлийн өдрүүдэд гадаа цаг агаар дулаарч залуус ихээр архидан согтуурах үзэгдэл нэмэгдээд байна. Цагдаагийн байгууллагаас өдөр бүр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргахгүй байхыг анхааруулсаар байдгаа. Гэвч урин дулаан ирсэнтэй холбогдуулан залуус гудамж талбай, голын эрэгт архидан согтуурч улмаар маргалдан нэгийгээ зодож гэмтээх, цаашлаад амь насыг нь санамсар болгоомжгүй болон санаатай бүрэлгэх гэмт хэрэг гарсаар байна.

Саяхан л гэхэд согтуурсан үедээ танилынхаа араас цохиж амь насыг нь бүрэлгээд Туулын бургасанд нуусан онц ноцтой хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, энэ хэрэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Био-Комбинат Туулын голын орчимд энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 29 настай эрэгтэй Ш –г толгойн ар хэсэгт хүчтэй цохиж амийг нь бүрэлгээд улмаар голын бургасанд нуусан байжээ.  

Уг хэргийг талийгаачийн танил 18 настай О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Тэрээр талийгаачийг араас нь цохиж амь насыг нь хохироосон нь урьдчилсан шалгалтаар тогтоогдсон байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг саатуулжээ.