УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.05.13) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенц, түүний Нэмэлт протоколыг соёрхон баталсан өдрийн мэнд хүргэж, үг хэлсэн.

Мөн энэ өдрийг тохиолдуудан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлт ирүүлснийг нийт гишүүддээ уламжиллаа. 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, манай орны 33 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг баталгаажуулсан ч сурч боловсрох, нийтийн тээврээр чөлөөтэй зорчих, олон нийтийн барилга байгууламжид саадгүй нэвтрэх, таатай, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгааг анхаарч, хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй, саадгүй хүрэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт суулгах, хуулийн биелэлтийг хянан шалгаж, тодорхой нэмэлт зохицуулалтыг тусган ажиллахад шат шатандаа анхаарч ажиллахыг уриалав. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулан нэмэгдүүлэхээр заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох харилцаа нь хууль эрх зүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар нь сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банканд байршуулж ирснийг онцлоод Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, харилцах дансанд тухайн жилд 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр 5.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Капитал банканд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8, 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5 тэрбум төгрөг тус тус байсан бөгөөд 2015 онд нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн.  Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж, Банкны тухай хууль болон “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн тул 2016 оны 07 дугаар сараас Капитал банканд нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банканд мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах шаардлагыг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Мөн 2018, 2019 онд 98.0 тэрбум төгрөгийн 169 төлбөрийн хүсэлтийг Капитал банканд хүргүүлсэн боловч тус банк 5.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Капитал банкийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр албадан татан буулгасантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж, 104.2 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын сангийн, 136.1 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн өр, төлбөрийг  баталгаажуулсан хэмээв.

Дээрх өр, төлбөрийг барагдуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 

Үүнд:-Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөрт тооцсон 104.2 тэрбум төгрөгийг  хуулийн хугацаанд Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хөрөнгө нэхэмжлэх, санд буцаан төвлөрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж ажилласан; 

-Капиталын эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуульд заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар”-т хамааруулахаар шийдвэрлэсэн; 

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгуулагчийн төлсөн шимтгэлээс бүрддэг тул өр барагдуулах дарааллыг  гурван түвшин дээшлүүлэн “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн; 

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “КЭХА-д төлбөрийг барагдуулахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг хангасан;

-Өр, төлбөрийг барагдуулахаар Капиталын эрх хүлээн авагч, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн өр, төлбөр барагдуулж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын холбогдох байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас 2021, 2022 онд өр, төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс, хөрөнгийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, “Хүлээн авсан хөрөнгүүдийн битүүмжийг цуцлуулах” зөвшөөрлийг Нийслэлийн прокурорын газраас тус тус гаргуулан авсан;

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөрөнгөд шинээр бүртгэгдсэн барилга, байгууламжид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 81.3 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ; 

-Өр, төлбөрт авсан 5.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулж, 10 ширхэг хөрөнгийг худалдан борлуулж, санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 11.9 тэрбум төгрөгийн 10 ширхэг хөрөнгийн дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна; 

-Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж, өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа. 

Дээрх арга хэмжээний үр дүнд Капиталын эрх хүлээн авагчаас  нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөг (2020 онд 0.8 тэрбум, 2021 онд 7.2 тэрбум, 2022 онд 0.1 тэрбум)-ийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 33.4 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар КЭХА-аас нэхэмжилсэн өр төлбөрийн үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн өр, төлбөрийн үлдэгдэл 80.5 тэрбум төгрөг байгааг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ дурдсан. 

Мөн тэрбээр, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолоор 2016 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан иргэнд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тогтоосон. Түүнчлэн уг иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн гэв.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар сангийн орлогын бүрэлдэхүүнд сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлогыг хамааруулахаар, сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэхээр, бонд, үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг төсөвт тусгаж, УИХ батлахаар, арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтоохоор тус тус хуульчилсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг баталсан. Уг журам болон гэрээ нь мөнгөн хадгаламж байршуулахад баримтлах зарчим, хадгалагч банканд тавих шалгуур, талуудын эрх, үүрэг, арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 онд хадгаламжийн хүүгийн хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс доошгүй байхаар, 2018 оноос эдгээр хүүгээс гадна нэмж банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээг тооцдог болсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.  

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай, үр өгөөжтэй байлгах, хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, ялангуяа сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, системийн ач холбогдол бүхий арилжааны банканд байршуулах, Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг Монголбанк, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх сангийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын нэгж тус тус гүйцэтгэх зэрэг зохицуулалтыг тусгаад байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Саранчимэг,  С.Одонтуяа, Б.Бейсен, Б.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн. 

Гишүүдийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкнаас авсан орон сууцнуудаа ажилтнууддаа олгосон эсэх, хураагдсан орон сууцнуудыг хэрхэн борлуулах талаар тодруулж байлаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн алдагдлын 104 тэрбум төгрөгийн 30.3 хувийг төлүүлсэн байгаа бол үлдсэн 73.9 хувийг нь хэрхэн барагдуулахаар ажиллаж байгаа талаар лавлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг журмаа зөрчин нэг банканд байршуулсан асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч буй эсэх, салбарын яамны зүгээс ниймгийн даатгалын багц хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлэхгүй удаашруулж байгаа шалтгааныг лавлав.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хариултдаа, Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууцыг авч, өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцнуудын дугаарлалт, улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй тул худалдан борлуулаагүй байна. Цаашид хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд орон сууцнуудаа дуудлага худалдаагаар борлуулна гэж байлаа. Мөн тэрбээр, Капитал банкнаас үлдсэн 70 орчим тэрбум төгрөгийг эргүүлэн авахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж байна. Бид одоогоор шүүхийн маргаангүй, эргээд худалдан борлуулах боломжтой хөрөнгүүдийг аваад байна. Дээр нь найман тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулсан. Үлдсэн хөрөнгүүд дээр судалгаа хийж байна. Зарим санал болгосон хөрөнгүүд нь шүүхийн маргаантай байгаагийн зэрэгцээ Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудаас банкны хөрөнгөөр барьсан байж болзошгүй гээд нэмж хөрөнгүүд гаргаж ирсэн. Тиймээс бид тэндээс хөрөнгө авах, эсвэл банкны эрх хүлээн авагчийг хөрөнгүүдээс өөрсдөө худалдан борлуулаад санг хохиролгүй болгох асуудлыг тавин ажиллаж байна хэмээн хариуллаа.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны журамд банкны нийт активын 20 хувь хүртэл хадгаламж байршуулна гэж заасан байсан. Дараа нь 2015 онд уг журамд өөрчлөлт оруулаад хувийг 25 болгож, нэг банканд давуу эрх олгож мөнгө байршуулсан. Иймд 2018 онд бид банкны нийт активаас 15 хувиас ихгүй байна гэсэн өөрчлөлтийг хийсэн. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх нэмэлт тайлбарыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт өгсөн.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн мэдүүлсэн ч явцын дунд цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон цэргийн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төслүүдэд бага зэргийн өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Иймд хоёр хуулийн төслийг эргүүлэн татсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон тэтгэврийн тухай хуулийн төслийн талаараа яамдуудаас санал авч дууссан тул  удахгүй Засгийн газраар хэлэлцүүлээд өргөн мэдүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулж байлаа.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нийгмийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон шимтгэлийг үр ашиггүй зарж, банкууд хүү санал болгосон гэх нэрийн дор зарим банкуудыг санхүүжүүлж, журмаа зөрчиснөөс болоод 200 гаруй тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгааг онцлоод иргэдтэй хамтраад энэхүү хөрөнгийн олж авах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн нийгмийн даатгалын сан эзэнтэйгээ хамт тэтгэвэрт гарсан байгаа тул цаашдаа энэ салбарт тогтолцооны шинэчлэл хийхгүй бол урагш алхах боломжгүй болсныг онцлон тэмдэглэсэн.

Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Г.Ганболд, Н.Амартүвшин  Ц.Туваан нарын асуултаар үргэлжиллээ. Мөн тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа  Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Туваан нар санал хэлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ компаниуд тендерээр авсан барилга байгууламжаа дуусгаагүй байж дараагийнхийг нь авах асуудал нэг биш гарч байгаа тул тийм аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, энэ асуудалд хяналт тавьж, шалгалт оруулах шаардлагатайг  анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүн С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн яам Монгол Улсын хөгжлийн бодлогуудыг хооронд нь уялдуулах, төрийн бодлого тогтвортой байхад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр  суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд говийн бүсэд хийх бүтээн байгуулалтын ажил зонхилох хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, уламжлалт мал аж ахуйг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогуудыг авч хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хөгжлийн яам онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Монгол Улсын хөгжлийн 2022 оны батлагдсан төлөвлөгөөг хэлэлцэхдээ аудит оруулж, үр дүнг нь тооцож, ажил хэрэгчээр хандвал уг тогтоолын төсөл үнэ цэн орно гэсэн саналтай байлаа.

Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65.5-д “Хуралдаан даргалагч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь УИХ-дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүллээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59,0 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.  

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн  Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэх байсан ч төсөл санаачлагч гишүүд байгаагүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан. 

Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэж танилцуулгад дурдсан байлаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын төрийн жинхэнэ албаны сул орон тоог хуулийн дагуу нөхөх болон иргэнийг төрийн албанд томилохтой холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай, тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагатай боловч төрийн захиргааны албан тушаал эрхэлж хааж байгаагүй иргэнийг төрийн жинхэнэ албанд ажиллуулах хууль зүйн боломжгүй, төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах болон байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр, сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журам хийдэлтэй зэргийг харгалзан хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсныг онцлоод Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төрийн албанд 2800 сул орон тоо байна гэдгийн цаана төрийн албаны асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болсныг харуулж байна. Ялангуяа хөдөө орон нутагт төрийн захиргааны албанд ажиллах хүн олдохоо больсон. Орон нутагт ажиллах нөхцөл тааруу, цалин хөлсний нэмэгдэл байхгүй, бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй адил цалин авч байгаагаас залуучууд ажиллахгүй байна. Нөгөөтээгүүр, хуулийн төслийн танилцуулгад төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэт өндөр байна гэж бичсэн байна. Иймд төрийн албаны шалгалтын журмыг эргэн харах талаар лавлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг жил бүр өсөн нэмэгдэж буй хүн амын тооноос хамаарч шинээр сургууль цэцэрлгүүд баригдаж байгаагаас төрийн үйлчилгээний орон тоо нэмэгдэж байгаа нь төрийн алба данхайж байгаа мэт харагдуулдаг. Тиймээс цаашид төрийн үйлчилгээний албаны нийгмийн баталгааг бууруулахгүйгээр өөр ангилалаар явуулах асуудалд судалгаа хийсэн эсэхийг тодруулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж үздэгээ илэрхийлээд төрийн албан хаагчид чадварлаг, цомхон байх энэ зарчим  хуулийн төсөлд үйлчлэх ёстой гэв. Мөн цар тахлын үед Ковидын тухай хуулиар төрийн албанд 1000 шахам хүн шалгалтгүйгээр оруулж ирсэн асуудлыг Төрийн албаны зөвлөл хэрхэн шийдвэрлэсэн талаар болон хуулийн төслийн хүрээнд олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг төрийн албанд ажилласнаар тооцох нь зарчмын хувьд зөв эсэхийг лавлаж байлаа.

Ингээд хуралдааны цаг дууссан тул баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.