“Чингис хаан” музей ирэх долдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ гэж буй. 2019 оны долдугаар сарын 3-ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Чингис хаан болон хаад язгууртнуудын музей”-г байгуулах шийдвэр гаргасан байдаг.
Ингээд 2019 онд олны шүүмжлэл дагуулсан ч “ашиглалтын хугацаа дууссан” гэж Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь нэг жилийн дараа Чингис хаан музейг барьж эхэлсэн билээ.
Музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. Тэгвэл Соёлын яам өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд “Чингис хаан” музейд үзмэр хийлгүүлэх нийт 5,9 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал,
- Музейн үзмэрийн тайлбарт QR, дижитал технологиор зохиомж бэлтгэх-833 сая төгрөг
- Музейн сан хөмрөгт шинээр хийлгэх үзмэрүүдэд-3,2 тэрбум төгрөг
- Чингис хаан музейн үзүүллэг, дэглэлтийн ажил-1,4 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.
Шинээр хийх үзмэрүүдэд мөнгөн мод, Чингис хааны алтан илд, Намнансүрэнгийн хөрөг, Бичгийн мэргэд болон түүхэн хүмүүсийн хөрөг, Хөшөө, чулууны хэв хуулбар зэрэг багтсан байна.