Дайныг дэмжсэн Оросын усанд сэлэлтийн тамирчинг шалгаж эхэлжээ

Дайныг дэмжсэн Оросын усанд сэлэлтийн тамирчинг шалгаж эхэлжээ

Усанд сэлэлтийн спортын дэлхийн удирдах байгууллага болох “Фина”/Fina/-аас Оросын тамирчин Евгений Рыловыг өнгөрсөн сард Москвад болсон “дайныг дэмжих жагсаалд оролцсон” шалтгаанаар тэмцээнд оролцох эрхийг нь есөн сараар хассан юм.

Гэвч Евгений Рылов өнгөрсөн амралтын өдөр Оросын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Улмаар түүнийг “Фина”-аас шалгаж эхэлсэн байна.

“Фина”-аас гаргасан мэдэгдэлд “Ноён Рылов энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоныг бид тогтоосон. Түүнийг хориг арга хэмжээ, дүрэм журам зөрчсөн эсэхийг тогтоохын тулд дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэжээ.

Олимпийн хошой алтан медаль Евгений Рылов өнгөрсөн сард Москвад болсон жагсаалд оролцож, В.Путины Украин руу түрэмгийлсэн шийдвэрийг магтан сайшааж байв. Түүнийг жагсаалд оролцсоны дараа ивээн тэтгэгч байгууллага болох “Speedo” гэрээгээ хүртэл цуцалсан юм.

Эх сурвалж: BBC