ВИДЕО: Их Британид болох “Focus Wales” фестивальд уригдаад байгаа Монголын “Growl of Clown” хамтлагтай ярилцлаа

ВИДЕО: Их Британид болох “Focus Wales” фестивальд уригдаад байгаа Монголын “Growl of Clown” хамтлагтай ярилцлаа

Монгол залуу уран бүтээлчид дэлхийн тайзанд гарч, өөрийн хэв маягаар танигдсаар байна. Тэгвэл ирэх тавдугаар сард Их Британид болох дуучин Адель, Ed Sheeran зэрэг дэлхийн алдартай оддын оролцож байсан Focus Wales фестивальд манай улсын металл урсгалын томоохон төлөөлөл болох Growl of clown  хамтлаг урилгаар оролцохоор болсныг онцлон энэ удаагийн isee.mn сайтын Сошиал ID буландаа урилаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та өөрийгөө болон хамтлагийн талаараа үзэгч, уншигчдадаа танилцуулахгүй юу?

-За сайн байцгаана уу. Би Growl of Clown-ий бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ Алтка гэдэг. Манай Growl of Clown хамтлаг маань 2014 онд байгуулагдсан. Экстрим метал хөгжмийн дэд төрөл болох deathcore гэдэг урсгалаар тоглодог. Найман жилийн хугацаанд бид нэг бүтэн EP цомог гаргаж байсан. Дөрвөн гишүүнтэй гоцлол дуучин Б.Хүрэлбаатар, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, гоцлол гитарчин Б.Отгонбаяр, басс гитарчин Г.Ариун-Эрдэнэ гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй.

-“Deathcore” гэхээр үзэгч, уншигчдад сонин байх л даа. Илүү тодорхой тайлбарлахгүй юу?

-Монголд нийт хөгжим сонсогчдын багахан хувь нь метал хөгжим сонирхдог. Гэсэн хэдий ч бид зүтгэсээр байна. Хамтлаг, агуулгын хувьд нийгэм дэх бараан асуудлуудыг шүүмжилж, хүчирхийллийг эсэргүүцэж буйг илэрхийлэх зорилготой. Deathcore гэдэг урсгал маань ер нь бол 2000 он гараад суурь нь тавигдсан. Ер нь шинэ урсгал гэсэн үг.

-Байгуулагдаад бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Хамгийн анх гишүүдтэйгээ яаж танилцаж, энэхүү хамтлагаа байгуулах сэдэл төрж байв?

-Анх бүгд playtime дээр тоглоод зарим нь үзээд явж байсан хүүхдүүд. Бүгд л хөгжимд хайртай, багаасаа сонирхож ирсэн хүмүүс байгаа юм. Хамтлагийн дуучин Хүрлээ бид хоёр өмнө нь хоёулаа өөр өөр хамтлагтай байсан тэндээсээ гараад хамгийн анх найман жилийн өмнө танилцаад санаа нийлээд яг ийм урсгалаар явъя хамтлаг байгуулъя гээд байгуулж байсан. Гитарчдийн хувьд зургаан жилийн өмнө нэгдээд өөрсдийнхөө дотоод мэдрэмжийг гаргаад ингээд явж байгаа хүмүүс байна.

-Анх байгуулагдаж байхад гарсан хүндрэлүүдээс хуваалцахгүй юу?

-Дөнгөж байгуулагдсан хамтлаг чинь мэдээж хөгжим техник технологи гээд тэр л том асуудал байдаг. Түүнийг авах гэж мөнгө цуглуулаад жижиг баарнуудад алтан үеийн дуунууд гэж ярьдаг шд ээ. Тийм дуунууд коверлож тоглоод 4 сая төгрөг цуглуулаад яригч авч байсан. Тухайн үедээ хэцүү байсан ч одоо бодохоор гоё жаргалтай. Өөрсдийнхөө хөлс хөдөлмөрөөр багаас нь явсан учраас бардам байдаг

-ОД БОЛНО ГЭЖ ХЭЛЭХЭД ИЧМЭЭР Ч ТҮҮНИЙ ТӨЛӨӨ Л ХИЧЭЭНЭ-

-Та бүхэн Их Британид болох Focus Wales фестивальд уригдсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Дөрөвдүгээр сарын 23-нд манай хамтлаг пянзны нээлтээ хийгээд 30-нд Монгол улсаас гараад Их Британид болох Focus Wales гээд фестивальд уригдсан тул тийшээ очиж тоглоно. Бид нарын анхны Их Британи улсын аялан тоглолт эхлэх юм. Сонирхуулах юм бол Адель, Ed Sheeran том том хүмүүс анх бид нар шиг ийм танигдаагүй байхдаа оролцож байсан фестиваль юм билээ. Тэр фестивалиасаа гадна Лондон, Ливерпүүл жижиг жижиг газруудад тоглолт хийхээр зохион байгуулаад явж байна. 

-Хөрөнгө санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Бид нарыг дэмждэг ах нар эгч нар тэд нараасаа боломжоороо гуйгаад тэд нар ч гэсэн сэтгэлээрээ туслаад явдаг даа. Тэрнээс биш бид том АПУ компанидаа баярлалаа гэсэн тийм юм бол байхгүй.Өөрсдөөрөө явж байгаа гэсэн үг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Зорилго маш тодорхой. Од болно гэхээр ичмээр ч түүний төлөө л хичээнэ.

-Ярилцсанд баярлалаа.