Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргалаа

Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргалаа

Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай гэгч иргэн гаргасан байна. Тэрхүү хүсэлтээ өнөөдөр /2019.05.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарт хүргүүлж байна.

Ү.САРНАЙГИЙН ХҮСЭЛТ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“УИХ-ын 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, тус намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед миний нөхөр Б.Хурц болон тусгай албаны ажилтнууд Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсан нь хэдийнэ ил болсон асуудал юм. УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд зөвхөн Батын Хурцыг муухай харагдуулах зорилгоор нээлттэй сонсгол гээчийг хууль бусаар зохион байгуулж, шат шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэлээ сонссон хүмүүсийг сөрөг пиартаа ашиглаж, мөн “Б.Хурц бол алуурчин, яргачин, хэлмэгдүүлэгч” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд тасралтгүй сурталдаж байхыг хараад “Тэр үед яг юу болсон юм бол. Миний хань ямар нэгэн алдаа эндэгдэл гаргачихаагүй байгаа” гэдгийг мэдэх үүднээс Д.Энхбат агсныг дайчлан авчирсантай холбоотой зарим мэдээллийг судалж үзлээ. Бодит баримтууд, мэргэжлийн хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал, миний хань Б.Хурц тэр хүнийг тамлаж, тарчилгаад амийг нь бүрэлгэчихээгүйг нотлох хангалттай олон баримт бий. Учир нь Д.Энхбат агсныг тухайн үед өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлж байжээ. Харин Багануур дүүргийн шүүхийн 2002 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай ялтныг эрэн сурвалжлах тухай захирамжаар Д.Энхбатыг эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрийг хангуулахыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т даалгасан байдаг юм байна.

Эрэн сурвалжлах ажлын хүрээнд ЦЕГ-аас Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т ирүүлсэн хүсэлтийн дагуу ТЕГ түүнийг 2003 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсад авчирч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь үгүйсгэшгүй баримт болон үлджээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын II хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхээс түүний өмнө нь эдлээгүй байсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Харин ял эдэлж байх хугацаанд нь буюу 2004 оны тавдугаар сарын 24-нд ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатыг Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байдаг юм билээ.

ТЕГ-ын дарга асан Батын Хурц биш, харин төрийн нууцыг задруулахгүй байх тангарагтай гэдгээрээ жирийн биш жирийн иргэн болсон Батын Хурцын гэр бүлийнхэн бид ч үнэнийг мэдэхийг хүсч байна. Тийм учраас эхнэрийнх нь хувьд би Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсантай холбоотой асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох хүсэлтийг тавьж байна.

Тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсээс зөвхөн Батын Хурцыг илчилж, улс төрийн золиос, бас нэгэн хэлмэгдэгч болгож, нийгэмд муу муухай харагдуулах бүхий л технологийг эрх мэдэлтнүүд хангалттай хэрэгжүүллээ. Түүнийх нь төлөөсөнд миний хань төрд зүтгэснийхээ төлөө хар гэрт хоёр дахиа хоригдож байна” гэж дурджээ.

Д.ЭНХБАТ АГСНЫ ЯРИА: