Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, өчигдөр яаралтай горимоор хэлэлцсэн. Улмаар гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд буй. Тэгвэл тус хуулийн төсөлд үнийн өсөлт, хомсдолоос хэрхэн сэргийлэхээр тусгасныг тоймлон хүргэж байна.
-20 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ БЭЛЭН ГАДААД ВАЛЮТЫГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОНО ГЭЖ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛЖЭЭ-
Хуулийн төсөлд, бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалтууд тусгасан байна. Мөн алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал гэж үзжээ.
Түүнчлэн үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэхийн тулд мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгоно хэмээн заажээ.
Мөн Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна. Хөнгөлөлтэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх аж.
Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд бараа бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, инфляц, гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаарч хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай бүр импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоож зохицуулалт хийх юм байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах аж. Энэ хуулийг хэрэгжүүлснээр Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхнө гэжээ.
Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс өмнөх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35.6-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана гэж заасныг зөрчсөн этгээдийг энэ хууль үйлчлэх хугацаанд аливаа хариуцлагаас чөлөөлөхөөр хуульд заасан байна.
Харин Хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөх бөгөөд хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж заажээ.
Хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулахаар болсон байна. Тодруулбал, тус хуульд "Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно" гэх заалтыг нэмэхээр төсөлд тусгасан байна.