Сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг ЭЦГ шалгаж эхэлжээ

Сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг ЭЦГ шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны зээлийн асуудал дэлгэгдэх үеэр УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяртай холбоотой мэдээлэл олон нийтэд ил болсон билээ.

Улмаар тэрбээр мэдээлэл бэлтгэсэн сайт болон сэтгүүлч нарыг сүрдүүлсэн болох нь илчлэгдсэн байдаг. Тодруулбал, Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан талаар мэдээлсэн сайт болон сэтгүүлч У.Оргилмааг заналхийлсэн байдаг. 

Энэ талаар Сэтгүүлч У.Оргилмаа “zarig.mn сайтыг байнгын уншигчийн хувиар харж байгаад миний мэдэж байгаа зүйл дурдагдаагүй бол коммент хэсэгт нь мэдээлэл өгөх байдлаар бичдэг. Энэ үүднээс “Мон дулаан” гэдэг компани Ё.Отгонбаяр гэдэг хүнээс илүү Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийнх гэдэг мэдээллийг нэмж бичсэн.

Гэтэл Ё.Отгонбаяр гэр бүлийнхээ хүний талаар нэмж бичсэн. Ингээд маргааш нь Ё.Отгонбаяр “Заригтай чинь хамт ална, заавал ална” гэхчлэн бичсэн байсан.

Энэ бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүний хувьд байж боломгүй зүйл.

Дээр нь Эрүүгийн хуулийн 13.5.1-д заасан “Бусдад хүч хэрэглэх, сүрдүүлсэн” гэдэг тодорхой заалттай эрүүгийн хэрэг учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаас хандсан. Ё.Отгонбаяр өнөөдөр надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын хооронд болоод өнгөрөх асуудал биш болсон.

Энэ асуудлыг ил болгож дуугарахгүй юм бол өнөөдөр ажлаа хийж яваа залуу сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Намайг хувийн ДМ задалсныг ёс зүйгүй гэх шүүмжлэл байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг ДМ биш заналхийлэл гэж би үзэж байна” хэмээж байсан юм. 

Тэгвэл сэтгүүлч У.Оргилмаа дээрх асуудалтай холбоотойгоор холбогдох баримт материалуудаа гаргаж, Эрүүгийн цагдаагийн газарт өргөдлөө өгсөн байна. Улмаар тус хэргийг ЭЦГ-аас шалгаж эхэлжээ.




Өнөөдөр нохой өдөр

42 минутын өмнө