Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн /2021.12.15/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын /НИТХ/ тогтоолоор "нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл"-ийн дэргэдэх Иргэний олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан байна.
Тус олон нийтийн зөвлөл нь долоон гишүүнтэй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллагаас хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарч ажиллах, иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой аж. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хувьд мөн нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлийн даргаар ажилладаг байна. Тийм ч учраас тэрээр НИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцүүлж, баталжээ.
Олон нийтийн зөвлөл:
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд зөвлөж байсан н.Биндэръяа гэх залуу
- Ийгл телевизийн сэтгүүлч Ж.Төгсжаргал
- Сэтгүүлч Г.Гэрэл
- Мисс Д.Долгион
- “Эра” загварын төвийн захирал, загвар өмсөгч, мисс Д.Эрдэнэтуяа
- Эдийн засагч н.Дөлгөөн
- Уул, уурхайн инженер н.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.
Дээрх хүмүүсийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвөөс цалинжуулж байгаа аж. Уг ажилд жилд 1,2-1,5 тэрбум төгрөгийг төсөвлөдөг бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх алив ажилд зарцуулдаг юм. Тэгвэл асуудал юунд байна вэ. Учир нь тус зөвлөлийн долоон гишүүн нь хуулийн мэдлэг, мэдээлэл дутмаг мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байсан туршлагагүй байж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож төвөг, чирэгдэл болж зарим хүмүүсийн “толгойны өвчин” болсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх гишүүд нь цагдаа нарыг юу хийдэг, ажлаа хянуул гэх зэргээр загнадаг аж. Гэтэл энэ нь мэргэжлийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна гэв.
Цаашлаад дээрх гишүүд нь бүгд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай хамааралтай гэж эх сурвалжуудын мэдээлэл байна. Мөн цагдаагийн байгууллага нь урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн цагдааг нэмж ажиллуулах сонирхолтой ч цалинг нь өгч ажиллуулж чадахгүй гачигдалтай байдаг. Төсөв мөнгө нь хүрэлцдэггүй учир гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах олон нийтийн цагдаагийн орон тоог нэмдэггүй байна. Гэтэл огт ажил хийдэггүй, энэ төрлийн мэдээлэл, төсөөлөлгүй нөхдийг улс төсвөөс цалинжуулж ажиллуулж буй НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн шийдвэрийг шүүмжлэх хүмүүс байгаа аж.