БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эхэлж байсан сэтгүүлчийн эрхэнд халдсан талаарх мэдээллийг Nuuts.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор С.Будрагчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Учир нь Үндсэн хуулийн 16.16-д "Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй" гэж заасан. Иймд хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэн ч хориг саад хийх эрхгүй. Энэ талаар Эрүүгийн тухай хуулийн 14.3.1-д "Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Иймд бид хэвлэн нийтлэх эрх нь зөрчигдөж байж болзошгүй сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа.
-Ж.СОРОНЗОНГИЙН ГЭМТ ҮЙЛДЛИЙГ ЦАЙРУУЛАХ АЖИЛД АУДИТ, ТАТВАРЫНХАН ХҮРТЭЛ ОРОЛЦСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАРИМТУУД НАДАД ИРСЭН-
-Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой эрэн сурвалжлах нэвтрүүлэх бэлтгэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн Ж.Соронзон гэдэг хүнтэй холбоотой ноцтой баримт олон байна. Та энэ талаар хөндөөд, нийтлээд өгөөч гэж нэлээд олон хүн надад хандсан. Тухайн үед би олон нэвтрүүлэг дээр ажиллаж байсан учраас хойшлуулсан. Улмаар Максим Суяанз гэдэг хүнээс ярилцлага авахад тухайн хүн Ж.Соронзон гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл ярьсан байдаг. Гэтэл уг нийтлэлтэй холбоотойгоор Максим Суяанз гэдэг багшийг болон ямар ч гэмгүй мөрөөрөө ажлаа хийж байсан хоёр хүнийг ажлаас нь халсан.
Миний хувьд хүний эрх, эрх чөлөөний төлөө үгнийхээ ир, үзэгнийхээ үзүүрийг чиглүүлэх ёстой гэж үздэг. Тиймээс л энэ сургууль болон захирлынх нь талаарх мэдээллийг нэхэн сурвалжилсан юм. Дөрвөн сарын хугацаанд баримт материал цуглуулаад явж байхдаа Ж.Соронзон гэдэг хүнийг миний амьдралд таарч байгаагүй хамгийн аймшигтай муу муухай, бузар булай шүгэлж, үүрлэсэн хүн гэдгийг олж мэдсэн. Одоогийн байдлаар гурван цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийх хэмжээний материал бэлтгээд эхнийхээ дугаарыг гаргахаар ажиллаж байна.
-Таны хэлж буйгаар Ж.Соронзон захирал нэлээд асуудалтай байж таарах нь ээ?
-Тийм ээ. Энэ хүний гэмт үйлдлийг цайруулах ажилд аудит, Сүхбаатар дүүргийн татварынхан хүртэл оролцсон байх магадлалтай баримтууд надад ирсэн. Тодруулбал, их хэмжээний авилга аваад түүнийгээ нуун дарагдуулахын тулд аудитын байцаагчийнх нь хүүхдийн сургуульдаа сургачихдаг, татварын байцаагчид нь тендер өгөөд аргалчихдаг байж болзошгүй баримт болон эх сурвалжийн өгсөн ярилцлага хүртэл байгаа. Үүнээс маш том авилгын сүлжээ гарч ирэх байх. Энэ асуудлыг энд хүргээд зогсооё.
Тэгэхгүй бол “Спойлер”-дож магадгүй учраас та бүхэн энэ долоо хоногийн сүүлээр гарах нэвтрүүлгийн үеэр тэр хүнтэй холбоотой авилга албан тушаалын гэмт хэргийг нь шууд гаргана, үзээрэй.
Энэхүү нэвтрүүлгээрээ Монгол Улсад үнэхээр хууль үйлчилдэг юм уу, АТГ, цагдаа, шударга хууль шүүхийн байгууллага гэж монголд байдаг юм уу, үгүй юу гэдгийг энэ кэйс дээрээ харъя. Үнэхээр шударга ёс гэж байдаг бол энэ хүнийг шалгана. Бүх баримт, хөдөлшгүй фактыг нь дэлгэн үзүүлэх болно. Харин үүний мөрөөр шалгахгүй бол үнэхээр юу хэлэх билээ.
-Таны бичсэн постоос харахад нэвтрүүлгийн баримт цуглуулж байх хугацаанд тус сургуулийн эцэг, эхчүүдээс эхлээд багш нар нь хүртэл сүрдүүлсэн гэж байсан. Энэ талаар яриач?
-Ж.Соронзон гэдэг хүн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн миний эсрэг хүчтэй акц, арга хэмжээг явуулах болсон. Тэрбээр намайг харлуулахын төлөө энэ бүхнийг “намайг захиалгатайгаар хийж байгаа” мэтээр сургуулийнхаа бүх ажилчдаар маш муухайгаар гүтгэн дайруулж байгаа. Багш нарынхаа хэлж, бичиг үг бүрийг нь бичиж, зааж өгдөг юм билээ.
-Таны нэвтрүүлгийг яагаад захиалгатай гэж хардах болсон юм бол?
-Намайг Максим Суяанз гэдэг хүнтэй холбож хардаад байдаг. Гэтэл би тэр хүнээс нэг ширхэг тамхи ч авч татаж үзээгүй. Нэвтрүүлэг маань захиалгатай биш. Энэ нэвтрүүлгийг хийж байх явцад надад хөрөнгө мөнгөний маш их бэрхшээл тулгарсан. Үнэн. Гэхдээ би Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаагаа олон нийтээсээ хандив тусламж гуйсан лайв бичлэг хийж, цахим сүлжээнд байршуулсан. Үүний дагуу шударга ёсоор цангасан олон хүн 1000-888 мянга хүртэл мөнгийг “амжилт хүсье”, “шударга ёс ялна шүү” гээд шилжүүлсэн. Би энэ мөнгөөрөө л санхүүжиж байгаа.
-Та Ж.Соронзон гэдэг хүнтэй уулзаж, өөрийнх нь талаар цуглуулсан баримтдаа хариу тайлбар авсан уу?
-Бид нэвтрүүлэгтэй холбоотой маш олон баримт цуглуулсан. Харин сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд заасан “Буруутган шүүмжлэгдэж буй этгээдээс заавал хариу тайлбар авна” гэсний дагуу Ж.Соронзон гэдэг хүнээс тайлбар авахаар сургууль дээр нь очсон ч тэрбээр өрөөгөө дотроос нь түгжээд мэдээлэл өгөөгүй. Тэр ч байтугай мэдээлэл авахаар очсон биднийг цагдаа дуудаж өгсөн. Монголын хэвлэл мэдээллийн түүхэн өөрөөс нь хариу тайлбар авах гээд ирэхэд нь цагдаа дуудсан анхны тохиолдол энэ байх.
-БУЗАР БУЛАЙ НЬ ГАРАХ ГЭЭД ЭХЛЭХЭЭР САНДАРСАНДАА НАМАЙГ ЦАГДААГИЙН ГАДНА УЯАХ ЗОРИЛГООР ХЭРЭГ ҮҮСГҮҮЛСЭН-
-Таныг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдогчоор татсан гэсэн. Ямар үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм бол?
-Ж.Соронзон захирал надад зохиомол хэрэг үүсгээд цагдаад гомдол гаргасан байсныг нь би өнөөдөр л мэдлээ. Сэтгүүлч Н.Будрагчаа нь зураглаачийн хамтаар манай сургуулийн байр руу дайрч орж ирж, манай ажилтнуудыг цохиж, түлхэж унагаад биед нь гэмтэл учруулж, үг хэлээр доромжилж, Соронзон чи хаалгаа онгойлго хэмээн хаалгыг маш хүчтэйгээр балбаж, тэр хавиар хашхирч, танхай балмад үйлдэл гаргалаа гэж хэзээ ч болоогүй зүйлээр гомдол гаргасан байна. Энэ бүхнийгээ нотлуулахаар тухайн үед сургууль дээр байсан ажилчдаараа гэрчийн мэдүүлэг өгүүлж, зөрчлийн хэрэг нээлгэсэн байна лээ.
-Танд үүсгэсэн уг хэрэгтэй холбоотойгоор та мэдүүлэг өгсөн гэсэн үг үү?
-Тийм ээ. Мэдүүлэг өгсөн. Энэ үеэрээ “Би хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд сурвалжилга бэлтгэж байгаа. Хоёрдугаарт, бид ямар ч гэм зэмгүй хүнийг буруутгахаар ажлын байран дээрээ нь очоогүй. Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, сургуулийнхаа асар их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан асуудалд нь хариу тайлбар авахаар сэтгүүлчийн ёс зүйн кодын нэгийн наймд заасанчлан би биечлэн очсон нь үнэн. Харин энэ үеэрээ хэнийг ч цохиж, түлхээгүй, хэнийг ч унагаагүй” гэдгээ мэдүүлсэн. Үнэхээр Ж.Соронзон захирлын хэлсэнчлэн тийм баримт байсан бол Орос гуравдугаар сургууль иж бүрэн камержсан болохоор хэдийнэ тэр бичлэгийг олон нийтэд цацах байсан. Гэтэл тэр хүн тэгэхгүй байгаа нь үүний нотолгоо.
-Тухайн үед та өөрөө бичлэг хийгээгүй юм уу?
-Хийсэн. Бид сургуулийн гаднаас нь орохоосоо эхлээд “осмо”-гоор бичлэг хийгээд орсон. Түүн дээр яриа болон дүрс гээд бүх зүйл нь байгаа.
-Тэгэхээр худал зүйлээр цагдаагийн байгууллагад гомдол өгсөн гэсэн үг үү?
-Өөрсдийнх нь бузар булай нь гарах гээд эхлэхээр сандарсандаа намайг цагдаагийн гадна уяах зорилгоор л ийм муухай юм хийж байна.
-Тухайн үед Ж.Соронзон захирал яагаад хариу тайлбар өгөхөөс татгалзсан юм бол. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Үнэхээр тэр хүн гэм буруугүй бол гарч ирээд л ярих байсан. Бидний баримтыг үгүйсгэж байгаа бол тэрийгээ л нотлоод ярьчих байсан. Гэтэл өрөөнийхөө үүдийг түгжиж цагдаа дуудаад эцэст нь ийм муухай явуургүй арга хэрэглэж байгаа нь өөрөө өөрийгөө л муухай харагдуулсан үйлдэл болж байна. Миний хувьд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр сүүлийн гурав дөрвөн жил ажиллаж байна. Энэ хугацаанд 50 гаруй нэвтрүүлэг бэлтгэсэн. Харин бусдын нэр төр, алдар хүндэд халдсан гэсэн үндэслэлээр яллагдсан нэг ч тохиолдол байхгүй. Энэ удаад ч гэсэн үнэнийг хэлж, үнэнийг харуулна.
-Ж.Соронзон захирал өөрийг тань мөн ЦЕГ-ын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр хэргээр гомдол гаргасан гэсэн. Ямар асуудлаар гомдол гаргасан юм бол?
-Ж.Соронзон захирал төрсөн өдөр болгоноороо багш бүрээсээ 100 мянган төгрөг гээд нийт 20 сая төгрөг бэлнээр авдаг гэсэн асуудал дээр өгсөн. Би үүнд нь баярлаад байгаа юм. Учир нь Ж.Соронзон захирлын төрсөн өдөрт зориулж 100 мянган төгрөг хураалгасан хүмүүсийн гарын үсэгтэй баримт, мөнгө хураалгасан багш нарынх нь мэдээлэл бидэнд байгаа. Тиймээс ч энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаад нь баяртай байна. Үнэхээр шударга цагдаа, АТГ гэж байгаа бол энэ хүнийг шалгах байх. Нэвтрүүлгийн дараа гүйцэтгэх ажиллагаа явуулах болов уу гэсэн таамаг байна. Харж л байя даа.
-“ГЭРЭЭ БАЙГУУЛЪЯ. ХҮҮХДЭЭ МАНАЙ СУРГУУЛЬД СУРГА ГЭЭД ТОХИРОЛЦОХЫГ ХҮССЭН”-
-Ж.Соронзон захирал тантай тохиролцож, хүүхдийг чинь хүртэл сургуульд суралцахыг урьсан гэж байсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Максим Суяанз гэдэг хүнтэй ярилцлага хийсний дараа Ж.Соронзон захирал надтай хамт ажилладаг байсан ахаар минь дамжуулаад ойлголцлын зөрүү гараад байна гээд уулзах хүсэлт тавьсан. Тухайн үед би энэ хүний талаар сайн мэдэхгүй байсан учраас юу гэж ярихыг нь сонсъё гээд очиж уулзсан. Тухайн үед надад “Цай, кофе, ундаа уух уу, хоол идэх үү яг яамаар байна.
Чи хүүхэдтэй юу, хүүхдээ манай сургуульд сургаач, би урьж байна. Манай сургуульд чинь дандаа дарга нарын бус жирийн ардын хүүхэд ч сурч болно ш дээ. Ер нь чи манай сургуультай хамтарч ажилла. Гэрээ байгуулъя. Би мөнгө төлье гэдэг зүйл хэлсэн.
Гэсэн ч би түүний саналыг хүлээж аваагүй. Энэ бүхнийг гэрчлэх хоёр хүн байгаа. Мөн Соронзон захирал ч бичлэг хийж авсан байгаа гэдэгт би 300 хувь итгэлтэй байна. Тэр бичлэгээ дэлгэх хэрэгтэй. Энэ бүхэн нь Эрүүгийн хуулийн 14.3 буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн эсрэг гэмт хэрэг. Нэг ёсондоо өөрийнхөө муу муухайг илчлүүлэхгүйн төлөө бусдад эдийн болон эдийн бус зүйл санал болгож, тохиролцох гэж оролдож байгаа нь гэмт хэрэг учраас би үүнийг нь ч шалгуулна гэж бодож байгаа.
-Таны хийж байгаа нэвтрүүлэгтэй холбоотойгоор Ж.Соронзон захирлын гэр бүлийн хүн та бүхнийг сүрдүүлсэн гэсэн үү?
-Тийм ээ. Ж.Соронзон захирлын нөхөр нь ШЕЗ-ийн даргаар ажиллаж байсан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ын багш Н.Лүндэндорж гэж хүн байдаг. Энэ хүн ШЕЗ-ийн даргаас өндөр насны тэтгэвэртээ гараад өөрийнхөө эхнэрийн буюу төрийн өмчийн сургуульд багшаар ажилд орсон байдаг. Харин тэрбээр зарим багш нарын бүтэн жил ажиллаад гар дээрээ авдаггүй цалинг нэг сард авдаг байгаа юм. Тиймээс энэ асуудлыг өөрөөс нь тодруулж, хариу тайлбар авах гэхээр “Чи надтай ямар өс хонзонгоор үзээд байгаа хүүхэд вэ. Чи энэ чигээрээ хол явахгүй” гэсэн. Үүнийг юу гэсэн үг юм бэ “Та намайг ална гэж байгаа юм уу” гэхээр “Тийм” гэж байгаа юм. Тэгэхээр миний гэр бүл, найз нөхөд гээд надтай холбоотой хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ хоёр хүнээс зайлахгүй.
-Та үнэхээр энэ хүмүүстэй ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй харилцаатай юм биш биз дээ?
-Үгүй. Би энэ хүмүүстэй өмнө нь нэг ч удаа харьцаж үзээгүй. Н.Лүндэндорж гэдэг хүнийг ШЕЗ-ийн дарга байхад нь нэг нэвтрүүлэг дээр хальт л дурдаж байсан. Түүнээс ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсэх шалтгаан байхгүй. Би зөвхөн монгол гэдэг ганцхан эрх ашгийн төлөө л явж байгаа. Монголыг цөлмөөд идэж, уугаад ханахгүй байгаа хүмүүсийг л илчлэх гэж явж байгаа сэтгүүлч.
-Энэ бүхнээс харахад манай улсад эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хэвлэлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад байна уу гэх хардлага төрж байна?
-Яг үнэн. Ийм хүмүүс чинь эхлээд аргалах гэж оролцож байгаа юм. Хүүхдээ сургуульдаа өг, мөнгө төгрөг өгье гэх мэтчилэнгээр худалдаж авах гэж үзнэ. Үүнд нь автахгүй болохоор дараагийн арга буюу нийтээр харлуулан гутааж, цахим сүлжээнд элдвээр доромжилдог. Харин айхгүй болохоор нь ажлыг нь хийлгэхгүй тулд цагдаагийн газарт уяад байхыг хүсдэг. Яг энэ л процесс над дээр явагдаж байна. Ж.Соронзон захирлын төрсөн ах нь КУДС-ын захирал Солонго гэж хүн байдаг. Түүнийх нь эхнэр ҮХЦ-ийн гишүүн хийдэг. Н.Лүндэндорж нь хууль хяналтын байгууллагад танил тал ихтэй хүн.
-Та энэ бүхнээс айж байна уу?
-Эмээх зүйл бол байгаа. Гэхдээ айж, эмээлээ гээд дуугүй байж болохгүй болохоор сурвалжилсаар л байх болно. Үнэнийг бичихгүй бол үзэг барьсны хэрэг юу байх билээ.