Б.Жавхлан: БНХАУ-ын талтай төмөр замын ачаа тээврийн эцсийн солиболцлын цэгийг тохиролцсон

Б.Жавхлан: БНХАУ-ын талтай төмөр замын ачаа тээврийн эцсийн солиболцлын цэгийг тохиролцсон

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр бидний товлосон уулзалтууд болон нэмэлт уулзалтууд болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, тэдний өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд даргатай ажлын уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр бэлдсэн олон төслүүдээсээ нэн шаардлагатай, эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслөө нэн тэргүүнд ярилцлаа.

Тухайлбал, Бичигт-Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ачаа тээвэр нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төмөр замын ачаа тээврийн эцсийн солиболцолын цэгийг тохиролцлоо. 

Бид өөрсдийн бэлдсэн судалгаа, тооцооллыг хүргүүлсэн. Дараагийн уулзалт хоёрдугаар сарын 15-нд болно. Үүгээр терминалаа аль талдаа байхыг шийднэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ ажлыг энэ ондоо багтаан шийдвэрлэх чиглэлийг өглөө. 

Мөн уулзалтын үеэр "Нэг бүс-Нэг зам" бүтээн байгуулалттай холбоотой Замын-Үүд Алтанбулагийг холбох хурдны авто зам болон хос төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг ярилцсан. Үүнийг ч Хятадын талаас ач холбогдол өгч хүлээж авсан. 

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотойгоор хоёр том дэд бүтцийн асуудлыг ярилцсан. Тодруулбал, баганат нийтийн тээврийн хэрэгсэл энэ нь 50 км хот дотуур явах тээврийн хэрэгсэл. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдээр тойрог зам бүхий 71 км хурдны тойрог замын ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан. Харин БНХАУ-ын талаас эдгээр төсөлд оролцох сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн.  Зам барих ажлыг энэ онд эхлүүлэхээр  төлөвлөж байна.

Өвлийн олимп үргэлжилж буй өдрүүдэд нүүрсний экспорт өсөхгүй. Одоо өдөрт 100-150 машиныг  урд хилээр нэвтрүүлж байна. БНХАУ-ын талаас жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ улам сайн баримтлахыг биднээс хүссэн" гэв.