2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн яамны гадна үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Д.Отгонтуяад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр/2022.02.08/ болж, түүнд "зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах" ял оноосон.
Тодруулбал, түүнийг “хууль сахиулагчид албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэсэн зүйл ангиар буруутгаж ял оноосон байна. Иймд бид аравдугаар сарын 6-ны өдөр чухам юу болсон, шүүх хурлын процесс хэрхэн өрнөсөн талаар иргэн Д.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч Б.Балжидмаатай ярилцлаа.
-ХОХИРОГЧ ГЭХ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРАЛ ЗАЛУУ ШҮҮХ ДЭЭР “ЭНЭ ЭМЭГТЭЙД ЯЛ ОНООГООД ӨГӨӨЧ” ГЭЖ УЙЛАН ДУУГАРЧ, ГУЙЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛТЭЙ БАЙЛАА-
-Цахим сүлжээнд янз, янзын л мэдээлэл түгж байна. “Иргэн Д.Отгонтуяад таван цагдаагийн биед халдсан гэх шалтгаанаар ял оноосон”, “иргэн Д.Отгонтуяа цагдаагийн албан хаагчийг шаардлага тавих үед нь биелүүлээгүй” учраас шүүхэд дуудагдсан гэх мэт. Чухам ямар үндэслэлээр танд ял оноосон юм бэ?
-Шүүхээс хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг зүйл ангиар намайг буруутгаж ялласан. Үнэндээ тэр өдөр таван цагдаа намайг гэмтээж, ажил хийх чадваргүй болгосноос биш би таван цагдааг зодоогүй. Надад тийм чадал ч байхгүй. Хохирогч буюу Хууль зүйн яамны харуул хамгаалалтын захирал гэж залуу шүүх дээр “49 мянган төгрөгийн хохирол гарсан байна. Энэ мөнгийг би нэхэмжлэхгүй. Зүгээр энэ эмэгтэйд ял оноогоод өгөөч” гэж уйлан дуугараад гуйж байгаа нь эмгэнэлтэй байлаа. Шүүгдэгчийн эцсийн үг гэхэд нь би “Өнөөдөр би худал хэлж, хулгай хийгээгүй. Би өдийг хүртэл цагаан мөр татуулан амьдарч ирсэн. Хоёр хүүхдийнхээ ирээдүйд гэрэл гэгээ татуулахыг маш их хичээж амьдарсан. Гэвч би үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ялтан болж, байгаад үнэхээр харамсалтай байна” гэж хэлсэн.
-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Та үнэхээр тэдний хэлээд байгаа шиг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл хийсэн юм уу?
-Шүүхийн процессын талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Та намайг ойлгоорой. Тиймээс би ярьж болох хүрээнд тайлбарлая. Би Хууль зүйн яамны гадна 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Г.Ган-Очир, Д.Монголхүү, Э.Одбаяр, н.Чинбат нарыг хорьсныг эсэргүүцэж хоносон. Тус өдөр тэднийг хууль бусаар хорьчихлоо гэдгийг эсэргүүцсэн "акц" болж байгааг мэдээд очсон юм. Гэхдээ ганцаараа очсон. Би жагсаал цуглаан зохион байгуулаагүй. Ингээд картон цаасан дээр Г.Ган-очир, Д.Монголхүү нарыг сулла гэж бичин нааж байтал цагдаа нар ирж бичгүүдийг хуулж, булааж байхдаа нэг нь тохойгоороо миний баруун хацар руу маш хүчтэй дэлссэн. Би арай хийн тогтож аваад цаасаа нааж байтал “болохгүй” гэсэн. Бид ч шаардлагыг хүлээн авч “30 минутын дотор Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзуул. Тэгэхгүй гэвэл бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэж хэлээд шат дагуу сууж байтал 20, 30 цагдаа нар ирсэн. Нэг хүн дээр бараг 4, 5 цагдаа оногдсон байх. Ингээд бидний гар, хөлийг өчөөд, заримыг нь нүүрээр нь газар чирч, дээлийн бүснээс нь хүртэл татаж чангаан, чирч буй бичлэг байдаг. Бидэнтэй маш ёс бус харьсан. Над дээр гэхэд 4-5 цагдаа ирж гар, хөл мушгин өчсөөр байгаад одоо гараа дээшээ хөдөлгөж чадахаа больсон.
Би өөрөө ч гайхаж байсан л даа. Би яагаад яллагдагчаар татагдсан юм бол, миний хохирогч аль нь юм бол гэж гайхан шоконд орсон. Гэтэл шүүх хурал дээр камерын бичлэг үзлээ. Бичлэг дээр би Хууль зүйн яамны хаалгыг хаах уу, нээх үү гэж маргалдан эсэргүүцэж байх үедээ ногоон хувцастай хоёр хүнийг холд гэж хэлээд хаалгыг хааж байгаа юм.
Тэр хоёр хүний нэгийг маажсан хүн хар өнгийн куртка өмссөн нь камерын бичлэгт харагдаж байсан. Гэтэл би тэр өдөр цав цагаан курткатай, цав цагаан өмдтэй байж байгаа юм. Хар өнгийн курткатай хүн маажаад байхад л цагаан куртка өмссөн байсан намайг “Та маажсан” гэж яллаад байгаа нь дэндүү муухай байна.
Би өөрийнхөө хумсыг өөрөө хийчихдэг. Энэ бол гелин хумс. Гелин хумсаар ямар ч тохиолдолд зулгартал нь маажиж болдоггүй. Хэчнээн чанга дарж маажаад ч нэмэргүй. Шүүх хурал дээр би өөрийнхөө гарыг улаан нялга болж хавдтал нь маажиж үзүүлсэн. Яагаад ч зулгарахгүй гэдгийг харуулахыг хүссэн учраас. Гэтэл яаж ийж байгаад л яллаж байгаа нь үнэхээр гутамшигтай байна.
-Тухайн өдөр та ч гэмтэл авсан юм байна. Та хуулийн байгууллагад хандах боломжтой байсан юм байна шүү дээ?
-Би үсчин хүн. Гэтэл тэр өдрөөс хойш баруун гараа дээш нь хөдөлгөж чадахаа байж ажил хийж, орлого олох боломжгүй болсон. Би ч гэсэн гомдол гаргаад явах боломжтой байсан ч за яахав дээ гээд чимээгүй өнгөрүүлсэн. Монголд хүний эрхийн ардчилсан нийгэм байхгүй болчихсон юм байна. Залуучууд минь яг одооноос бодолцож эхлэхгүй бол өнөөдөр нэг хүнд эвгүй үг хэлэхэд л ялтан болдог болчихсон юм байна гэдгийг биеэрээ баталчхаад сууж байна. Би өнөөдөр худал хэлж, хулгай хийгээгүй. Ядаж нэг хүнийг зүүгээр ч болов хатгаагүй байж ялтан болоод сууж байна. Маш харамсалтай байна.
-ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЛЖИДМАА: ХОХИРОГЧ Д.ОТГОНТУЯАД МААЖУУЛЖ “49.900 ТӨГРӨГИЙН СОРВИНЫ ТОС АВСАН” ГЭСЭН БАРИМТАА ХЭРЭГТ ХАВСАРГАСАН БАЙСАН-
-Иргэн Д.Отгонтуяад хуулийн яг ямар зүйл заалтаар ял оноосон юм бэ. Энэ талаар та тайлбарлахгүй юу?
-Өөрийн үйлчлүүлэгч Д.Отгонтуяагийн эрх ашгийг хамгаалан өнөөдөр гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд оролцлоо. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Отгонтуяад холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль сахиулагчид албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэсэн зүйл ангиар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийн шүүхэд шилжүүлсэн байгаа.
Өөрөөр хэлбэл, Д.Отгонтуяа 2021 оны аравдугаар сарын 6-ны өглөө Хууль зүйн яам буюу төрийн тусгай хамгаалалттай газрын төрийн тусгай албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газар нь маажиж нүднийх нь доод хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэсэн гэдэг зүйл ангиар зүйлчлэгдэж хэрэг шүүхэд шилжсэн юм.
Өчигдөр өглөө 09:30 минутад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гэм буруугийн хуралдаан эхэлсэн. Энэ шүүх хуралдаанд Д.Отгонтуяагийн өмгөөлөгчөөр миний бие болон н.Даваажав оролцсон. Өмгөөлөгч нарын зүгээс "энэ гэмт хэргийг Д.Отгонтуяа үйлдээгүй юм" гэж гэм буруу дээрээ маргаж, шүүгдэгчид ашигтай байдлаар буюу хавтаст хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтуудын хүрээнд “Д.Отгонтуяа хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцсон. Харин улсын яллагч яллах байр суурьтай оролцсон. Гэм буруугийн шүүх хурал завсарлаж ороод шүүхээс Д.Отгонтуяад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон. Үргэлжлээд эрүүгиийн хариуцлагын хурал явагддаг. Уг хурал үргэлжилж шүүхээс Д.Отгонтуяад зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч болохгүй хязгаарлалт тогтоох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байгаа.
-Хуульд зааснаар уг гэмт хэрэг хэдэн төрлийн санкцтай байдаг юм бэ?
Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар уг гэмт хэрэг нь өөрөө гурван төрлийн сонгох санкцтай. Тодруулбал,
- Торгох
- Зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах
- Зургаан сараас гурван жилийн хугацаанд хорих гэсэн гурван төрлийн санкцтай.
-Д.Отгонтуяа тухайн өдөр өөрөө ч мөн гэмтэл авч, өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа талаараа ярьж байна. Үүнийг баримт болгон гомдол гаргах боломжтой юу?
-Аравдугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн яамны гадна тийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “иргэд энд жагсаж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсэн байгаа юм. Дуудлага, мэдээллээр тус хэлтсийн алба хаагчид Д.Отгонтуяа болон иргэн Г.Хажидмаа зэрэг хүмүүст хүч хэрэглэж машиндаа чихэж суулгаад аваад явсан байдаг. Тэр цагдаагийн албан хаагчийн үйлдлийн улмаас Д.Отгонтуяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шинжээчийн дүгнэлт гарсан. Тэр явдлаас хойш өнөөдрийг хүртэл Д.Отгонтуяа гараа дээш нь хөдөлгөж чадахгүй байгаа. Энэ хүн үсчний мэргэжилтэй, гэвч одоо ажлаа хийх боломжгүй байдалд хүрээд байна. Энэ талаар гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.
Гэвч Д.Отгонтуяагийн гомдлыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хангалттай тогтоогдохгүй байна, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтэй хэргийг хааж шийдвэрлэсэн байгаа юм.
Бид энэ тухай прокурорын тогтоолыг гардаж аваад долоо хоногтоо багтааж Чингэлтэй дүүргийн Ерөнхий прокурорын газарт гаргасан. Ямар ч байсан бид шат шатны дарааллаар Нийслэлийн прокурор, Улсын ерөнхий прокурор гээд гомдлоо гаргаад явна. Энэ хүн тухайн өдөр мөн л халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон.
-Хохирогч гээд байгаа хүнд яг ямар хохирол учирчхаад байгаа юм бэ?
-Гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол, хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааж өгсөн байдаг. Энэ тохиолдолд хохирогч Д.Отгонтуяад маажуулсан гэсэн 49.900 төгрөгийн сорвины тос авсан баримтаа хэрэгт хавсаргасан байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад буюу хохирогч өөрөө сорвины тос авсан мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн. Шүүхээс мөн Д.Отгонтуяаг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж гаргасан байгаа. Түүнээс биш биед нь хөнгөн, хүнд, бусад гэмтлийн зэрэг тогтоогдсон зүйл байхгүй, хувцас эд хэрэглэлд нь халдаад урж тастсан материаллаг хохирол байхгүй.
-Иргэн Д.Отгонтуяа давж заалдах бүрэн боломжтой юу?
-Тийм. Хавтаст хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс одоо нийтэд ил мэдээлэх боломжгүй байна. Яагаад гэвэл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа. Бидэнд өнөөдрийн шүүх хуралдааны шийтгэх тогтоолыг бичгэн хэлбэрээр гардуулж өгсний дараа давж заалдах гомдлоо гаргана гэсэн байр суурьтай байна. Цагаатгах талын нотлох баримтуудаа өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хангалттай дурдаад үндэслүүдээ гаргаад явсан. Хууль сахиулагч гэж яг хэн юм бэ, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Төрийн албаны хууль болон бусад хуульд хууль сахиулагч гэдгийг яг хэн гэж тодорхойлсон байгаа юм. Тэгвэл өнөөдөр хохирогч болох Хууль зүйн яамны харуул хамгаалалтын захирал гэх хүн өөрөө яг хууль сахиулагч мөн юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Өмгөөлөгч бидний зүгээс хохирогчийг хууль сахиулагч биш гэж үзсэн. Энэ гэмт хэргийн бүрддэг гол шинж нь хууль сахиулагчийг эсэргүүцэж байна. Гэтэл өчигдөр шүүх хуралдаанд оролцсон хохирогчийг яг энэ хүн хууль сахиулагч мөн эсэхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр хүн төрийн тусгай алба хаагч гэдгийг нотолсон баримт алга байхад яагаад Д.Отгонтуяаг энэ зүйл ангиар яллаж байгаа юм бэ. Энэ хэрэг эргэлзээтэй нөхцөл байдалд байгаа учраас цагаатгаж, Д.Отгонтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж оролцсон.