Өсвөр насны хүүхдүүдийн шийдвэр гаргалтын онцлог бол “сэтгэл хөдлөлд тулгуурлан гардаг”-т оршдог. Иймд энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаа зоволтуудын дийлэнх нь “хүүхдийнхээ хийж буй үйлдэл эрсдэлтэй байх бий” гэдэгт чиглэдэг болсон гэх судалгаа бий.
Тэгвэл саяхан болсон сар шинийн баярын өдөр /2022.02.03/ “өсвөр нас”-тай буюу 16 насны хөвгүүд нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Иймд бид “өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах” үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
-ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН ХӨВГҮҮД Ю-ЫН ГЭРТ ИРСЭН БАЙЖЭЭ-
Энэ сарын 2-3 /2022.02.03/ шилжих шөнийн 02:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байх “Буянт-Ухаа” хорооллын … дугаар байрны 9 дүгээр давхарын орцод “Хүүхдүүд нэгнээ хутгалчихсан байж болзошгүй байна” гэх дуудлагыг хуулийн байгууллагын алба хаагчид хүлээн авчээ. Ингээд алба хаагчид тус газарт очиход 16 настай Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16 настай В-тэй “найз охиноосоо болж маргалдан” улмаар хутгалж, амь насыг нь хохироосон байжээ.
Тодруулбал, сар шинийн баярыг тохиолдуулан Ю-ын гэрт түүний найзууд ирж, дараа нь тэд орцонд гарч шар айраг хувааж уужээ. Улмаар Ю-ын найз охин Ц-аас болж маргалдан, В-ын амь насанд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
-ХЭРЭГ БОЛСОН ГАЗАРТ ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮД ЦУГЛАЖ БАЙГААД ТАВИХ ХЯНАЛТ БАЙХГҮЙ БАЙВ-
Иймд манай сурвалжлах баг “хэрэг болсон” гэх газрыг өчигдөр /2022.02.08/ зорьсон юм. Биднийг очиход Ю, В нарын найзууд байж болзошгүй өсвөр насны хоёр хүү шатан дээр сууж байхтай таарсан юм. Бид тэднээс зарим зүйлийг тодруулахад, “Тухайн өдөр зургаан хүүхэд нийлээд энд байсан гэдэг. Ингээд Ю нь В-г зүгээр айлгах зорилготой хутгаа суган доогуур нь оруулах гэтэл харамсалтай ийм хэрэг гарчихсан гэж хүмүүс ярьж байна” гэсэн юм.
Тэдний сууж буй орчинд зул асааж, ундаа, алим, сүү зэргийг тавьсан байлаа. Харин хэрэг гарсан гэх газарт өсвөр насны хүүхдүүд ийнхүү цугларч байгаад хяналт тавьж байгаа СӨХ болон байрны жижүүр байхгүй байв. Учир нь тэд “сэтгэл хөдлөлдөө тулгуурлан” эрсдэлтэй алхам хийхийг үгүйсгэхгүй юм. Иймд бид тус газраас тэднийг яаралтай явахыг сануулсан. Харин Ю нь В-ын амь насыг санаатай хөнөөсөн байж болзошгүй хэмээн үзэж, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
-ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТАЛААР НҮБ-ААС СУДАЛГАА ХИЙЖЭЭ-
Тэгвэл Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнтэй хамтарч НҮБ-ийн Хүүхдийн Сангаас “Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй болон эцэг эхийн хувьд хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зөвлөгөө”-г өөрийн Монголд суугаа НҮБ-ын вэб хуудаст нийтэлсэн байна. ЭНД ДАРЖ үзнэ үү.
Бид “өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулах” үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.