Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-8-ны /2022.02.03-08/ өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр олимпийн нээлтэд оролцсоны зэрэгцээ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийв.
Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцлаа.
Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан. Олимп үзэх биш ажлын айлчлал хийсэн хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдэгдсэн билээ.