“Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтсан. Олимп үзэх биш ажлын айлчлал” гэж тодотгов

“Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтсан. Олимп үзэх биш ажлын айлчлал” гэж тодотгов

"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-8 /2022.02.03-08/-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпийн нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэх ажээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийх юм байна.

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцах аж.

Бусад бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн  гэсэн хүмүүс багтсан болно. Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан. Олимп үзэх биш ажлын айлчлал" хэмээн Засгийн газрын албаны эх сурвалж тодотгожээ.