ТОДРУУЛГА: Шүүгч халдвар авсан зэргээс шалтгаалж Э.Бат-Үүл нарын шийтгэх тогтоол албажаагүй байна

ТОДРУУЛГА: Шүүгч халдвар авсан зэргээс шалтгаалж Э.Бат-Үүл нарын шийтгэх тогтоол албажаагүй байна

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн шийдвэрээ гаргасан билээ. 

Тэгвэл  Э.Бат-Үүл нарыг хорих шүүхийн шийдвэр гараад 46 хоног өнгөрсөн ч шүүхийн тогтоол нь одоог хүртэл албажиж гараагүй байгаа юм.

Угтаа хуулиар шүүхийн шийтгэх тогтоол 15 хоногийн дотор албажиж, тогтоолыг шүүгдэгч талд гардуулах ёстой. Гэтэл энэ хугацаа нэг сар орчим хэтэрчихээд байхад уг тогтоол албажаагүй, шүүгдэгч талд гардуулаагүй байгаа бөгөөд үүнээс шалтгаалан шүүгдэгч тал давж заалдаж боломжгүй байгаа нь хэл ам дагуулаад буй.

Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоол яагаад албажаагүй талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргалаас тодрууллаа. Тэрбээр "Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийгээд байгаа. Мөн шүүгч коронавирусийн халдвар авсан зэргээс шалтгаалан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байна. Шүүхийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын долооны өдрөөс хэвийн үргэлжилнэ. Ингээд энэ асуудлыг шийдэх байх" гэх хариултыг өглөө.