Шинжилгээний хариу нь "Гэрэгэ"-д АЛДААТАЙ шивэгдсэнээс жирэмсэн эмэгтэй "коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй" явсаар нас баржээ

Шинжилгээний хариу нь "Гэрэгэ"-д АЛДААТАЙ шивэгдсэнээс жирэмсэн эмэгтэй "коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй" явсаар нас баржээ

Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвар авбал хүндрэх эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1200 гаруй жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэвч саяхан Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар авсан нэгэн эмэгтэй хэвлий дэх хүүхэдтэйгээ эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжаас бидэнд ирүүлсэн мэдээллээр талийгаачийн шинжилгээний хариу алдаатай гарч, эмчилгээ хийлгэхгүй явсаар хүндрэн нас барсан байж болзошгүй байна. 

Хэргийг тодруулбал, талийгаач бүсгүй 37 настай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн байжээ. Тэрбээр таван сартай жирэмсэн байсан бөгөөд саяхан ханиадны шинж тэмдэг илэрч, бие нь тавгүйрхэж эхэлсэн байна. Улмаар Сэлэнгэ аймгийн төвд коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгсөн ч хариу нь "сөрөг" буюу халдваргүй гэж гарсан аж. Тиймээс санаа нь амарч хөнгөн эм хэрэглэн хэсэг явжээ. Гэвч бие нь дээрдэхгүй байсан тул арав гаруй хоногийн дараа дахин эмчид хандсан байна. Энэ үед өмнө нь өгсөн шинжилгээний хариу “эерэг” болж өөрчлөгдсөнийг мэджээ.

Коронавирусийг илрүүлэх шинжилгээг өрх, дүүрэг, аймгийн эмнэлэгт өгсний дараа хариу нь Гэрэгэ системд шивэгдэж ордог. 

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгч бүсгүйн утсанд анх “таны шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэсэн мессеж ирсэн байна. Гэвч тухайн үед шинжилгээний хариу нь алдаатай шивэгдсэн байсан бөгөөд "Гэрэгэ" системд 24 цагийн дотор засагдан “эерэг” болжээ. Харамсалтай нь бүсгүйд энэ талаар эмнэлгээс нь холбогдож мэдэгдээгүй. Мөн засагдсан шинжилгээний хариу мессэжээр очоогүй аж.

Тийнхүү талийгаач шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан гэсэн мессеж утсанд нь ирсэн учраас коронавирусийн бус ханиадны эм зэргийг хэрэглэсээр 10 гаруй хоносон байгаа юм.

Ингээд учир явдлыг мэдсэний дараа бүсгүйг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн ч бие нь хүндрэн хэвлий дэх үртэйгээ хорвоог орхижээ. Уг хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн эх сурвалжийн хэлснээс шинжилгээний хариу буруу гарсан хэрэгт холбогдуулан “Гэрэгэ” системийн ажилчдыг  шалгаж байж болзошгүй байна.