Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 31-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 2, 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.