ШУУРХАЙ: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг яллагдагчаар татан АТГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг яллагдагчаар татан АТГ-аас шалгаж эхэлжээ

“Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг АТГ-т шилжүүлэх шийдвэр”-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, тус асуудалд "хэрэг бүртгэл" нээгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр болон тус банкны нэр бүхий зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа ажээ.  

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт, "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.