Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийх, Нийгмийн даатгалын төсвийн төсөлд тодотгол хийх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр гишүүд саналаа хэлж, асуулт тавьж байна.
УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж “Төсвийн зарлага хяналтын дэд даргын хувьд өнгөрсөн парламент дээр төсөв хэлэлцэж байхад саналуудаа хэлж байсан. Нийт 290 төсөл арга хэмжээ байгаа. Тэндээс Богд Зонхов, клуб, захиргааны барилга, машин тэрэг гэх мэт төслүүдийг царцаах юм бол 575 тэрбум төгрөг гарч ирэх боломжтой байгаа. Одоо хэлэлцүүлгийн үеэр 290 арга хэмжээнээс хасаад 575 тэрбум төгрөг хэмнээд өгчихье. Өнгөрсөн жил эдийн засаг маш хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын шимтгэл, даатгалын санд төвлөрүүлэх орлого 24 хувиар өссөн байгаа. 735 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын сан нь 24 хувиар нэмэгдээд, тэтгэвэр 10 хувиар нэмэгдэж байна. Тэгэхээр хамтын сангаасаа энэ тэтгэврээ нэмээд явах боломж бүрэн байгаа. Засгийн газар үүнийг оруулж ирж байгаа нь зоригтой шийдвэр. Их хурал зарим хөрөнгө оруулалтаа зоригтой хасаад тодорхой хэмжээний хөрөнгө гаргачихъя” гэв.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан түүний саналд тайлбар өглөө. Тэрбээр “Нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой төсвийн зохицуулалт төсвийн тодотголоор хийгдэнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор таны хэлж байгаатай адил төсвийн хөрөнгө оруулалт дээр 123 төслийн нийт 260 тэрбум төгрөгийн зохицуулалт хийгдэж байгаа. Мөн 54 тэрбум төгрөгийн урсгал зардал 34 тэрбум төгрөгийн гадаадын зээл тусламжийн зохицуулалт хийгдэж байгаа. Нийт 326 тэрбум төгрөгийн зохицуулалт хийгдэж байгаа” гэв.