МАН-ын 30 дугаар Их хурал өнгөрсөн сард болсон. Тус намын дүрмийн дагуу Их хурлын дараа нийслэлийн намын хорооны хурал хуралдах ёстой. Энэ дагуу маргааш /2022.1.29/ Нийслэлийн МАН хуралдах тов зарлажээ.
Уг хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг үргэлжлүүлэн томилох асуудлыг хэлэлцэнэ. Мөн дэд даргаа шинээр томилох, Бага хурлын гишүүдээ өөрчлөх, тэргүүлэгчдээ шинэчлэх, нийслэлийн намын дүрэмд өөрчлөлт оруулах, бүтцээ өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хурлын зургийг урьдчилж зурсан бөгөөд нэх сүртэй сценари байхгүй аж.
-Д.СУМЪЯАБАЗАРЫГ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР УЛИРААЖ, МАХН-Д ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛ ӨГНӨ-
Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъябазарыг улираан томилох, дэд дарга н.Батзулыг ч мөн улираан томилохоор тохиролцсон байна. Нийслэлийн МАН-ын дарга Шадар сайд С.Амарсайхан амбицлаж байсан ч тэрбээр энэ удаа өрсөлдөхгүй нь тодорхой бололтой. Харин амласан ёсоор МАХН-аас 50 орчим гишүүн нийслэлийн МАН-д орж ирэх бөгөөд нэгийг нь дэд даргын албан тушаалд томилох юм байна. Д.Сумъяабазарыг дараалсан сонгуулиудад ялалт байгуулж ажилласан хэмээн улираах бөгөөд түүний өөдөөс сөрөх, огцруулъя гэж дуугарах хүн одоохондоо нийслэлийн МАН-д үгүй. Тэгэхээр аялдан дагагчид эвтэйхнээр улираан томилоод энэ хурлыг дуусгах нь.
-М.ГАНБААТАР ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДҮҮРГИЙН НАМЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ-
Нийслэлийн МАН-ын хорооны хурлын дараа дүүргийн намын хороод хуралдах дүрэмтэй.
Дүүргийн МАН-ын дарга нар:
- Хан-Уул дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан /Дүүргийн Засаг дарга/
- Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Ганбаатар /Тавантолгой түлш компанийн захиргал/
- Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
- Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга Х.Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн сайд/
- Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/
- Налайх, Багануур МАН-ын дарга С.Амарсайхан /Шадар сайд/
- Багахангай МАН-ын дарга н.Эрдэнэбаяр нар ажилладаг.
Тэгвэл уг хурлаар зарим дүүргийн дарга нарыг чөлөөлж, зарим нь улираах бололтой. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга М.Ганбаатарыг чөлөөлж магадгүй аж. Түүний оронд УИХ-ын гишүүн Н.Учралын хүмүүсийн нэгийг очно гэх мэдээдэл байна. Дүүргийн намын даргыг сонгох ажил хэзээнээсээ Д.Сумъяабазар оролцож ирсэн бөгөөд энэ удаа ч чиглэл өгч өөрийн хүмүүсийг томилуулах тохироотой байгаа аж. Жижиг гэлтгүй дүүргийн намын хурлыг урьдчилж бэлдсэн яриа тохироо, хуйвалдаан, ялгаварлалаар явуулдаг. Энэ удаа ч МАН-ын туйлширч улс төрждөг гишүүд хуйвалдаанаар хурлаа хийх эсэх нь анхаарал татаж байна.