Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг Засгийн газарт өгөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор 2022 оны төсөвт тодотгол хийхээр өнөөдөр /2022.01.28/ 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон.
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл болох тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг олон нийт дэмжиж, үүнийг талархан хүлээн авсан. Харин энэ асуудлыг Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх биш Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд танхимаараа хэлэлцээд шийдэх боломжтой байсан. Гэтэл тэд Ерөнхийлөгчтэй хоршоод улс төр хийлээ гэх хүн ч цөөнгүй байгаа юм.
Тодруубал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг Засгийн газарт өгөх заалт байхгүй. Гэтэл улс төр хийж, Засгийн газарт чиглэл өгсөн нь цаашид ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ мэтээр өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар чиглэл өгч, түүнийг нь Засгийн газар шууд хэрэгжүүлээд байх юм биш биз гэх хардлага ч дээрх сэдэвтэй хамт гарч эхлээд байна.
Үндсэн хуулийн 33.3-д "Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" хэмээн заажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.12-д “Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч зөвхөн өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр хуульчилсан байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд дараах зүйл багтдаг байна.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
- 1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.
- 2.УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- 3.Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.
- 4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
- 5.Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.
- 6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
- 7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
- 8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
- 9.Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.
- 10.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.
- 11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.
12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.
- 13.Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.
- 14.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.
- 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
- 17.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
- 19.Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.
13 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
- 1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
- 2.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина.
- 3.Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл Тагнуулын байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авна.
- 4.Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсоно.
- 5.Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
- 6.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй ард нийтэд зарлан мэдэгдэнэ. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
- 7.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
- 8.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно.
- 9.Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлана.
- 10.Зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батална.
- 11.Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана.
- 12.Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно.
14 дүгээр зүйл. Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх
- 1.Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна.
- 2.Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийнэ.
- 3.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.
- 4.Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.
- 5.Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна.
15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх
- 1.Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.
- 2.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ.
- 3.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
- 4.Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
- 5.Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.
- 6.Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой бүрэн эрх олгох талаар саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.