Үндэсний музейд ажиллаж байсан У нь нөхөр, ахынхаа компанийг 6 удаа тендерт шалгаруулсан хэмээн торгох ялаар шийтгүүлжээ

Үндэсний музейд ажиллаж байсан У нь нөхөр, ахынхаа компанийг 6 удаа тендерт шалгаруулсан хэмээн торгох ялаар шийтгүүлжээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэвч уг хуулийг зөрчиж, нийтийн албанд ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгож, удаа дараа худалдан авах гэрээ хийсэн хэрэг саяхан шүүхээр шийдэгджээ.

Тодруулбал, 2016 оноос 2021 оныг хүртэл Монголын үндэсний музейн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан иргэн У албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нөхөр, нагац ахынхаа үүсгэн байгуулж, 100 хувь хувьцаа эзэмшдэг компаниудад таван удаа давуу байдал үүсгэж, гэрээ байгуулжээ. Үүнд:

  • Нэг. У нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хамаарал бүхий төрсөн эцгийнхээ төрсөн дүү/нагац ах/-ийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцаа эзэмшдэг, компанийг шалгаруулан, 16 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан
  • Хоёр. 2017 оны долдугаар сарын 31-ний өдөр мөн нагац ахынхаа үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцаа эзэмшдэг компанийг шалгаруулж, 9.4 сая төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулсан,
  • Гурав. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мөн дээр дурдсан нагац ахынхаа 100 хувь хувьцаа эзэмшдэг компанийг шалгаруулж, 7.3 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан,
  • Дөрөв. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн нөхрийн үүсгэн байгуулсан, 100 хувь хувьцаа эзэмшдэг компанийг тендерт шалгаруулж, 2.6 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан,
  • Тав. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нагац ахынхаа үүсгэн байгуулсан компанийг тендерт шалгаруулж, 4 сая төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулжээ.
  • Зургаа. 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр өөрийн нөхрийнхөө үүсгэн байгуулсан, 100 хувь хувьцаа эзэмшдэг компанийг шалгаруулан 4.9 сая төгрөгийн үнэ бүхий худалдан авах гэрээ тус тус байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр албан тушаал хашиж байх хугацаандаа нөхрийнхөө компанид хоёр удаа, нагац ахынхаа эзэмшдэг хоёр өөр компанитай нийт дөрвөн удаа худалдан авах гэрээ байгуулсан байгаа юм.

Тэгвэл уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Шүүхээс У-г төрд нийт 19.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.  Үүнээс 10 сая төгрөгийг нь худалдан авах гэрээ байгуулсан нагац ахынх нь компани барагдуулсан байна. Харин үлдсэн 9.8 сая төгрөгийг ажлын нөхцөлөөс хамааран 6 сарын дотор төлөхөө илэрхийлсэн аж.

Мөн шүүгдэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400.000 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Харин барагдуулаагүй үлдсэн 9.8 сая төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө