ШУУРХАЙ: "Exclusive компанийн Г.Майцэцэгт тавьсан хилийн хориг"-ийг ГОЛОМТ банкны саналаар "ТҮР" цуцалжээ

ШУУРХАЙ: "Exclusive компанийн Г.Майцэцэгт тавьсан хилийн хориг"-ийг ГОЛОМТ банкны саналаар "ТҮР" цуцалжээ

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг гадаад орон руу зорчихоор Чингис хаан нисэх буудалд очиход нь, “түүнд мэдэгдэлгүй ШШГЕГ-аас хилийн хориг тавьсан” байсан талаар тэрбээр мэдэгдэж байсан.

Тэгвэл түүнийг хилийн хоригийг түр цуцалж, тэрбээр өчигдөр /2022.01.26/ гадны улсыг зорьсон байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "АМЖИЛТТАЙ сайн яваад ирнээ... Урам хайрын үгээ харамгүй хайрлаж, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА... Олон хүний ИТГЭЛийг тээж явж байгаа гэдгээ улам их ухамсарлаж байна. Г.Уянга миний найз амар тайван байгаарай, чи минь хэдэн зуун тэрбумаас илүү үнэ цэнэтэй бүсгүй учраас ганц тэрбумын барьцаанд хаяж орхихгүй, тун удахгүй сайхан мэдээтэй уулзацгаана гэдэгт итгэлтэй байна... БАЯРЛАЛАА сошлийн хамт олондоо..." хэмээсэн байна. 

Энэ мэдээллээс олон нийт түүнийг "Өөрийн найз УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг нэг тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд үлээгээд өөрөө нисжээ" гэх ойлголтыг аваад байсан юм. 

Тэгвэл ШШГЕГ-ын эх сурвалжаас Г.Майцэцэгийн хилийн хоригийг ямар үндэслэлээр түр цуцалсан болохыг тодруулахад, "Төлбөр төлөгч Г.Майцэцэгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг шийдвэрлэхээр иргэн, хуулийн этгээдтэй тодорхой эвлэрэл үүсгэж, төлбөр төлөх баталгааг удаа дараа гаргасан.

Мөн төлбөр авагч Голомт банкнаас 1,8 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөрийг шийдвэрлэхээр харилцан тохиролцож, Голомт банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албадлагын арга хэмжээг 10 хоногийн хугацаанд түр сэргээж өгөх хүсэлтийг бичгээр ШШГЕГ-т ирүүлсэн. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар албадлагын арга хэмжээг түр цуцлах үндэслэл хуульчлагдсан, төлбөр авагч Г.Майцэцэгийн хүсэлт, төлбөр авагчийн саналыг үндэслэн түүний гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар түр сэргээх арга хэмжээ авсан. Уг тогтоолын хугацаа дуусгавар болсон даруйд төлбөр төлөгч Г.Майцэцэгт албадлагын арга хэмжээг үргэлжлэн тогтооно" гэлээ. 

Ямартай ч ШШГЕГ-ыг хууль бусаар өөрт нь мэдэгдэхгүй хилийн хориг тавьсан хэмээн олон нийтэд хандаад байсан “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийн хилийн хоригийг Голомт банкны саналаар түр цуцалсан байна.