М.Зоригт: Казахстанд цэрэг оруулдаг эвсэлд Х.Баттулга ерөнхийлөгч буухаасаа өмнө элсэх хүсэлт хүргүүлсэн байх юм

М.Зоригт: Казахстанд цэрэг оруулдаг эвсэлд Х.Баттулга ерөнхийлөгч буухаасаа өмнө элсэх хүсэлт хүргүүлсэн байх юм

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн цахим хуудаснаа ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал тэрбээр “Казахстанд цэрэг оруулдаг цэргийн эвсэлд Х.Баттулга ерөнхийлөгч буухаасаа өмнө Оросын элчингээр дамжуулан элсэх хүсэлт хүргүүлсэн байх юм. Сая Казахстаныг харж байхад эвслийн, гадны цэргийн тусламжтайгаар эрх баригчид, тэдний дэглэмийн эсрэг боссон ард иргэдээ дарж авдаг юм байна билээ.Яаралтай хүсэлтийг татаж авах хэрэгтэй” гэжээ.

Сонирхуулахад, энэ сарын эхээр Казахстанд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, тус улсад эмх замбараагүй байдал үүссэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван орон бүхий Хамтын гэрээний аюулгүй байдлын байгууллага/ХАБГБ/-аас тусламж хүссэн билээ. Улмаар ОХУ тэргүүтэй ХАБГБ-ын 2500 гаруй энхийг сахиулагч тус улсад үүрэг гүйцэтгэж жагсаалыг хүчээр дарсан юм. ХАБГБ-д Орос, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд багтдаг.