АН-ын албан ёсны тамгыг С.Эрдэнэ атгаад суучихсан, тус намын гишүүд хэдэн талдаа гарч, намын даргын сонгуулийг хийж тэр нь УДШ дээр бүртгүүлэх гэхээр “бүдэрч” буй. Харин сөрөг хүчингүй энэ үед, “Эрх баригч МАН дур зоргоороо ажиллаж байна” гэж шүүмжлэх шүүмжлэх иргэд ч олон байгаа юм.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, “Манай намын сайндаа биш нөгөө хэдийнх нь муудаа болоод байна” гэж АН-ын өнөөгийн байгаа байдлыг маш оновчтой дүгнээд авсан.
Тэгвэл АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа, “Нам дотор үе солигдож байгаа энэ том өөрчлөлт шинэтгэлийн процесс дунд “үнэгүй туулайчлах” санаатай завшаанчид бас байгаа шүү дээ. Тэд өөрсдийн амин хувийн эрх ашгийг л удирдлага болгоно. Товчхондоо хувь хүмүүсийн амбицаа дарж чадахгүй шунал, хэнээрхэл зэрэг субьектив хүчин зүйлс үйлчилж байна. Дээр нь гадаад нөлөө, нөлөөлөл, асуудлыг иймэрхүү байдалтай байлгаад байх бодит сонирхол ч хэн нэгэнд байгаа. Нэг л зүйлийг хэлье. Одоогийн Ардчилсан нам бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин шүү” хэмээжээ.
Тодруулбал, С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг дагаад УИХ дахь АН-ын бүлэг ч хоёр хуваагдаж, Д.Ганбат нар С.Эрдэнэтэй хамт улс төр хийж, Ц.Туваан тэргүүтэй зарим нь Х.Баттулгын улс төр, бодлогыг хэрэгжүүлэх болсон билээ.